10
2015-07
АРИЛЖААНЫ БАНКУУД ДАХЬ ХАДГАЛАМЖ 1.1 ХУВИАР БУУРЧ, 7.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
2015-7-2
Хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин 5 дугаар сард өмнөх сараас буюу сүүлийн 1 жил хагасын дээд цэгээс эргэн 0.1 пунктээр буурч, 12.8 хувьд хүрлээ. Нийт хадгаламж өмнөх сараас 1.1 хувь буюу 81.8 тэрбум төгрөгөөр буурч, 7.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 99 хувь нь арилжааны банкуудад байршиж байгаа ажээ. Арилжааны банкууд дахь нийт хадгаламжийн 72 хувь нь төгрөгийн хадгаламж, 28 хувь нь валютын хадгаламж эзэлж байна. Төгрөгийн эсрэг долларын ханш буурч эхэлсэн 5 дугаар сард гадаад валютын хадгаламж эрчимтэй буурсан төдийгүй энэ оны хамгийн бага хэмжээнд хүрч, 1.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын хадгаламж бүртгэгджээ. Хүүгийн түвшинг харьцуулан харвал харилцах, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өөрчлөлт багатай байгааг Монголбанкны зүгээс онцолсон байна. Төгрөгийн харилцахын жигнэсэн дундаж хүү жилийн 3.0 хувь, валютынх жилийн 1.5 хувьтай байгаа аж. Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгж хувиар өсч, жилийн 12.8 хувь, валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 нэгж хувиар өсч, жилийн 6.2 хувь болжээ.
www.bloombergtv.mn