02
2015-07
ЗАСГИЙН ГАЗРЫН УРТ ХУГАЦААТ БОНДУУДЫН ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙНА
2015-7-1
Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан урт хугацаат бондуудын ханш 6 дугаар сард тогтвортой байлаа. Харин өнгөрсөн 5 дугаар сард бондуудын ханш сүүлийн 2 жил гаруйн дээд цэгтээ хүрч байсан юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдын Монголыг чиглэх хандлага эргэн өөрчлөгдсөн болохыг илтгэж байв. Харин 10 жилийн хугацаатай бондын ханш дунджаар 91.1 доллар байсан нь сүүлийн хоёр жилд байгаагүй өндөр үзүүлэлт болж байна. Мөн 2018 онд эргэн төлөгдөх бондын ханшийн дундаж 96.4 доллар байгаа нь үүнтэй ижил үзүүлэлт болж байгаа юм. 6 дугаар сард бондуудын ханш харьцангуй тогтвортой байсныг сарын өөрчлөлтийн хэмжээ илтгэж байна. 5 дугаар сард “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагчид далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөг баталсан нь хөрөнгө оруулалтын орчинд голлох нөлөөг үзүүлжээ. Энэхүү эерэг хандлага 6 дугаар сарын туршид бондын зах зээл дээр хадгалагдсан гэж харж болохоор байна. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд 1 тэрбум хүртэлх долларын үнэлгээ бүхий бонд арилжаалах шийдвэрээ танилцууллаа. Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт хөрөнгө оруулагчдад 1 тэрбум юанийн бонд арилжаалах санал хүргүүлж, 3 жилийн хугацаатай 161 сая долларын хөрөнгийг БНХАУ-ын “Дим Сам” бондын зах зээлээс амжилттай босгоод байгаа юм.
www.bloombergtv.mn