02
2015-07
ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО
2015-6-23
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хүрээнд 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны ТУЗ-д Засгийн газраас даалгасан байна. Мөн хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулж, батлуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Ингэснээр ирэх 7 дугаар сард багтан Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцлөөр ипотекийн зээл олгох асуудал шийдэгдэх боломжтой болж байна. Засгийн газраас орон сууцны зээлийн тодорхой хөнгөлөлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарсан гэж үзэж байгаа аж. Ингэснээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зорилтот бүлгийн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, барилгын салбарын санхүүгийн эрсдэлийг багасгахаас гадна орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
www.bloombergtv.mn