ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ТУХАЙ ШИНЭЧИЛСЭН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2015-7-1 УИХ-аас батлаад байгаа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Харин хуулийн зарим заалт нь ирэх оны эхнээс хэрэгжих юм. Монгол Улсын 1.3 сая иргэний 12.1 тэрбум төгрөг бүхий Эрүүл мэндийн даатгалыг Төр хариуцдаг болохыг Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл өмнө нь 1 даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөгөөр хэмжигдэж байсныг одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь байхаар тогтоогоод байна. Мөн 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан, сурагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй байх ажээ. Хэрэв өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол мөн л Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиас доошгүй байхаар хуульчилсан байна. Мөн энэхүү хуулийн хүрээнд өрхийн даатгалын харилцааг бий болгосон нь онцлог болгожээ. Тодруулбал иргэн бүр жилд 1.8 сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг ч гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй байдаг. Харин бусад нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байх нь бий. Тиймээс хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн гишүүд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний эрхээ шилжүүлэх боломж бүрдэх юм. www.bloombergtv.mn