НИЙСЛЭЛИЙН НИЙТ ӨРХИЙН 57.9 ХУВЬ НЬ ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙНА

2015-6-24 2014 оны байдлаар Улаанбаатар хотод оршин сууж байгаа нийт өрхийн 57.9% нь орон сууцанд амьдарч байгаа болохыг Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Барилгажилт эрчимтэй явагдаж, Улаанбаатар хот дахь орон сууцны тоо сүүлийн таван жилд 40 орчим мянгаар нэмэгдсэн ч, гэр хороолол орон сууцтай хамт хаяагаа тэлсээр байгаа юм. Орон сууцны хорооллын өрхүүдийн тоо жилд дунджаар 6.4 мянгаар нэмэгддэг аж. Нийт 204.2 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагийн 93.5 мянга нь гэрт, 108.8 мянга нь амины орон сууцанд буюу хашаа, байшинд амьдарч байгаа юм. Гэр хороололд амьдардаг өрхүүдийн 27 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт аж төрж байгаа бол 24 хувь нь Баянзүрх дүүрэгт оршин сууж байгаа болохыг Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. www.bloombergtv.mn