ТЭТГЭВРИЙН САНГИЙН АЛДАГДАЛ 2020 ОНД ДНБ-ИЙ 4.5 ХУВЬД ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2015-6-4 Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах хүлээлттэй байна. 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн амын дунд ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, 1960, 1970-аад оны огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэртээ гарах үед өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгааг салбарынхан онцолж байна. Одоогийн байдлаар нэг давхаргатай буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо үйлчилж байгаа юм. Хэрвээ тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй байгаа болохыг Засгийн газраас мэдээллээ. Тиймээс тэтгэврийн даатгалын тогтолцоог үе шаттайгаар хагас хуримтлалтын зарчимд шилжүүлж, цаашид бүх нийтийг хамарсан бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа санхүүжүүлдэг биш ирээдүйд авах тэтгэврийн даатгалын хэмжээгээр хуримтлал үүсгэх боломжтой болох ажээ. Ингэснээр өөрийн хүссэн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгож болохоос гадна даатгуулагчийн амь нас эрсдэхэд ар гэрийнхэндээ хуримтлалаа шилжүүлэх боломжтой болно гэсэн үг юм. Нөгөө талаас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалтай болж, өндөр орлоготой ажилтнуудад зориулсан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоотой болно гэж үзэж байгаагаа Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллээ. http://bloombergtv.mn