05
2015-06
ОЙРЫН ХУГАЦААНД ДЦС-5-ЫН УС БОЛОН НҮҮРСНИЙ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРҮҮД ЭХЭЛНЭ
2015-6-2
Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Дулааны V цахилгаан станцын Засгийн газартай байгуулах үндсэн 6-7 гэрээний хэлэлцээр үргэлжилж байгаа талаар төсөл хэрэгжүүлэгч тал мэдээллээ. Одоогоор дулааны гэрээ, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа бол ойрын хугацаанд ус болон нүүрсний гэрээ хэлэлцээрүүд эхлэхээр байгаа юм байна. Төсөл хэрэгжүүлэгч “Newcom” группын мэдээлснээр наадмаас өмнө буюу ирэх 7 дугаар сарын эхээр үндсэн гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах хүлээлттэй байгаа аж. Үүний дараа төсөл хэрэгжүүлэгч тал Олон улсын банк санхүүгийн байгууллагуудад төслийн эцсийн үнэлгээг хийлгэж, хөрөнгө оруулалтаа босгох юм байна. Хэдийгээр Дулааны V цахилгаан станцын газрын байршил хэд хэдэн удаа өөрчлөгдсөн ч урьдчилсан тооцоогоор 1.3-1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гарчээ. Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 450 мвт-аар нэмэгдэх боломжтой.
http://bloombergtv.mn