НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН ЧИГЛЭЛИЙН ХҮНД ДААЦЫН АВТОЗАМЫН ХУРААМЖИЙГ БУУРУУЛЖЭЭ

2015-5-28 Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын автозамын тээвэрлэлт энэ сарын 8-наас эхэлсэн талаар концессын зам эзэмшигч “RDCC” компани мэдээллээ. Тус компанийн зүгээс тээврийн хураамжийг 40 хувиар бууруулж, тонн тутамд 900 төгрөг болгосноор тээвэрлэгчидтэй тохиролцоонд хүрч чадсан байна. Одоогоор Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд тээвэрлэлт эрхэлдэг 18 компани өдөрт 300 хүртэл автомашинаар тээвэрлэлт хийж байгаа ажээ. “Monnis” группийн охин компани болох “RDCC” компани концессийн гэрээний дагуу тус замыг 109 тэрбум төгрөгөөр барьж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан юм. Гаалийн Ерөнхий Газраас хүнд даацын автозамыг гаалийн замаар тооцсон учир нүүрсний тээврийг зөвхөн тус замаар хийж гүйцэтгэх болж байгаа аж. Тиймээс шороон замыг хааж, нөхөн сэргээлтийн ажлыг Өмнөговь аймгийн холбогдох албаныхан эхлүүлжээ. Одоогоор зах зээлийн байдал сайнгүй байгаа учир тээврийн хураамжийг бууруулах тал дээр талууд тохиролцсон байна. Энэ хүрээнд Зам Тээврийн Яам концесс эзэмших хугацааг гэрээнд заасан 15 жилээс сунгах боломжтой талаар мэдээллээ http://bloombergtv.mn