13
2015-05
“WINSWAY ENTERPRISES” БОНДЫН ХҮҮГЭЭ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ
2015-5-8
Монголын нүүрсний гол худалдан авагчдын нэг “Winsway Enterprises” компани 2016 оны бондын хүүгийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй байж магадгүй байна. Хэрэв компани өнөөдөр буюу баасан гарагт 13 сая долларын төлбөрийг барагдуулж чадахгүй бол бондод дефолт зарлах ажээ. “Winsway Enterprises” компани 2011 онд 5 жилийн хугацаатай, 8.5 хувийн хүүтэй, 500 сая долларын бонд гаргасан байна. Харин бондын хүүгийн хагас жилийн ээлжит төлбөрийг өнгөрсөн сарын 8-нд барагдуулах ёстой байсан ч компанийн хүсэлтээр хугацааг нь 30 хоногоор сунгасан байна. Сарын өмнө гаргасан мэдээллээр компани өрийн бүтцээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа аж. Одоогоор нийт бондын төлбөрөөс 309 сая доллар үлджээ. Хэрэв тус компанийн бонд дефолт болвол он гарсаар ийм төрлийн бондод дефолт зарласан БНХАУ-ын 2 дахь компани болох аж. Үүнээс өмнө БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын “Kaisa” компани бондын хүүгээ төлөх чадваргүй болсон юм. “Winsway Enterprises”-ийн хувьд Шивээхүрэн боомтод ойролцоо “SouthGobi Sands”, “МАК” зэрэг компаниудаас нүүрс импортолдог байна. Мөн “Winsway Enterprises” компани өнгөрсөн онд нийт 9.3 сая тонн нүүрс борлуулсны 25 хувийг Монголын нүүрс бүрдүүлжээ. Харин 2012 онд энэ хэмжээ 52 хувьтай байсан талаар компани тайландаа тусгасан байна.
http://bloombergtv.mn