07
2015-05
"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭР 100 ММ-ИЙН ГОЛЧТОЙ ГАН БӨМБӨЛӨГ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЖЭЭ
2015-5-5
Өнгөрсөн сараас эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөөрөнцөг сувих цех 100 мм-ийн голчтой ган бөмбөлөг үйлдвэрлэж эхлээд байна. Ингэснээр жилд 3.8 сая долларын валютын гадагшлах урсгалыг дотооддоо хадгалах боломжтой болжээ. Үйлдвэрт технологийн шинэчлэл хийснээр жилд 3300 тонн 100 мм-ийн голчтой ган бөмбөлөг хэрэглэх болсон байна. Импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад дотоодод үйлдвэрлэсэн 100 мм-ийн голчтой ган бөмбөлөг хатуулаг чанар сайтай учраас нунтаглах процессийн өртөг буурч, эрчим хүчний хэмнэлт хийх боломжтой болжээ. Гэхдээ 100 мм-ийн диаметртэй бэлдэцийг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй байгаа учраас бэлдэцээ импортолж байгаа аж. Харин 40, 80 мм-ийн голчтой ган бөмбөлөгийн бэлдэцийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс нийлүүлж байна. Өнгөрсөн онд 25 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэсэн бол энэ онд 27 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнийхээ 12 мянган тонныг нь одоогоор үйлдвэрлээд байгаа юм байна. Жилд 50 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай цех үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг ашиглаж байгаа аж. Цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй “Оюу Толгой”, “Цагаан суварга” зэрэг үйлдвэрүүдэд ган бөмбөлөг нийлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
http://bloombergtv.mn