07
2015-05
МБХ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТҮВШИН БУУРСАН
2015-4-30
Төв банк он гарснаас хойш бодлогын хүүгээ 1 нэгжээр өсгөж, 13 хувь болгоод байгаа ч арилжааны банкуудын зээлийн хүүгийн түвшин буурсан болохыг Монголын банкны холбооноос онцоллоо. Төгрөгийн зээлийн хүү өмнөх сараас 0.4 нэгжээр буурч 19.1 хувь, валютын зээлийн хүү 1.2 нэгжээр буурч 11.7 хувь болсон байна. Нөгөө талаас арилжааны банкууд эх үүсвэр татахад анхаарч, төгрөгийн хадгаламжийн хүүг 0.4 нэгж хувиар, валютын хадгаламжийн хүүг 0.2 нэгжээр өсгөж, харгалзан 12.9 болон 6 хувьд хүргэсэн байна. Арилжааны банкуудын нийт актив хөрөнгө 3 дугаар сарын байдлаар 20.7 их наяд төгрөг, олгосон зээлийн өрийн нийт үлдэгдэл 12.2 их наяд төгрөг болсон талаар Монголбанк болон Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлжээ. Аж ахуйн нэгж, иргэдэд арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн 76 хувийг төгрөгийн зээл, 24 хувийг валютын зээл эзэлж байгааг Монголын банкны холбооноос тоймлон мэдээллээ. Холбооны тоймоос харахад 2014 оноос хойш төгрөг болон валютын зээлийн өсөлт аажмаар саарсаар байгаа аж.
http://bloombergtv.mn