ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ 10 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

2015-4-28 Сүүлийн 6 жилийн хугацаанд Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 10 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 2009 оны эхний улиралд 183 мянган баррель газрын тос олборлож байсан Монгол Улс өнгөрсөн улиралд 1.8 сая баррель газрын тос олборложээ. Харин энэ хугацаанд Монгол Улсын шатахууны хэрэглээ 2 дахин өссөн байна. 2009 оны эхний улиралд 30 сая долларын автобензин импортолж байсан бол энэ оны эхний улиралд автобензины импорт 70 сая долларт хүрээд байна. Хэдийгээр олон улсын зах зээлд газрын тосны ханш он гарсаар 30 гаруй хувиар буураад байгаа ч газрын тосны экспортоос 177.2 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна. Нөгөө талаас Монгол Улсаас гадагшилж байгаа 3 доллар тутмын 1 нь нефтийн бүтээгдэхүүн, шатахуун худалдан авахад зарцуулагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд Монгол Улсын нийт импортын 9.8 хувь нь нефть, химийн бүтээгдэхүүн, 28 хувийг нь шатахуун бүрдүүлжээ. Өнгөрсөн оноос эхлэн Монгол улсын газрын тосны олборлолт дотоодын хэрэгцээгээ хангахуйц хэмжээнд хүрээд байгаа юм. Харин Монгол Улсын шатахууны жилийн хэрэглээ 1.4 сая тонноор хэмжигдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд гэхэд л 1.5 тэрбум долларын шатахуун хэрэглэжээ. www.gogo.mn