30
2015-04
2 УЛС ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ БУУРУУЛНА
2015-4-24
МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Японы бизнесийн зөвлөлийн хуралд 2 улсын хооронд байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн бүх түвшний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оролцох хүсэлтэй гишүүн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд оролцсон юм.
Япон Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар эдийн засагт үзүүлэх нөлөөллийг ерөнхий тэнцвэрийн динамик загварт тулгуурлан хийсэн судалгаагаар ДНБ жилд дунджаар 0.33-0.34 хувь, нийт экспорт 0.36 хувь өсөх тооцоо гарсан байна. Хэлэлцээрийн хүрээнд олон улсын жишгийн дагуу тухайн оны худалдааны үнийн дүнгийн 90 гаруй хувийг импортын гаалийн тарифаас шууд болон 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Ингэснээр Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Япон улстай хийсэн худалдааг бүтцээр нь авч үзвэл, экспортын 90 орчим хувийг ямааны ноолуур, ноолууран эдлэл, жонш, коксжсон нүүрс зэрэг бараа эзэлж байгаа бөгөөд импортлосон барааны 70 орчим хувийг автомашин, тоног төхөөрөмж бүрдүүлжээ. Дээрх хэлэлцээрийг Японы талаас соёрхон баталснаар албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөнө гэдгийг албаныхан тодотголоо.
www.montsame.mn