30
2015-04
"ТАВАН ТОЛГОЙ”-ИЙН ГЭРЭЭГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭНЭ
2015-4-24
Ирэх долоо хоногоос “Таван Толгой”-ийн гэрээний төслийг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдээлсэн байна. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдод “Таван Толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байна. Тогтоолын төсөлд хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт гэрээнүүд болон “Таван Толгой”-ийг ашиглахтай холбоотой УИХ-ын тогтоолуудын уялдааг хангах зэрэг 5 заалтыг тусгасан байна. Монгол Улсын сайд М.Энхсайханы зүгээс энэ удаад танилцуулаад зогсохгүй эцсийн шийдвэр гаргахыг хүссэн тогтоолын төслийг УИХ-д барьсан гэж мэдээлсэн юм. Мөн хөрөнгө оруулагч консерциумд багтсан компаниуд бүгд гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй учир гэрээний бичгийн хэлбэрийг ил болгох нь тэдний эрх ашгийг хөндсөн хэрэг болно гэдгийг илэрхийлжээ. Харин хөрөнгө оруулагч түншлэлд багтсан “Shenhua Energy” компанитай холбоотой сүүлийн үеийн мэдээллээс хүргэхэд 3 дугаар сард нүүрсний олборлолт нь өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар буурч, 23 сая тонн болсон байна. Борлуулалтын хэмжээ нь ч мөн 7 сар дараалан буурсан дүнтэй гарчээ. Тус компани өнгөрсөн улиралд нүүрсний импортоо зогсоосон бөгөөд энэ сард “Energy Resources” компанитай 1.2 сая тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулсан гэж БНХАУ-ын Төрийн өмчийн хороо мэдээлэв.
www.bloombergtv.mn