“ТАВАН ТОЛГОЙ” ТӨСЛИЙН АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДАНГААРАА ШИЙДЭХ БОЛОМЖГҮЙ ГЭВ

2015-4-7 “Таван Толгой” төслийн ажлын хэсэг консорциумтай эцэслэн тохирсон гэрээг Засгийн газрын ээлжит хуралдаанаараа танилцуулав. Мөн УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар “Таван Толгой”-ийн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн талаар мэдээллээ. Энэхүү асуудлыг УИХ 14 хоногт багтаан шийдэж өгөх хүсэлтийг Ерөнхий сайдын зүгээс тавьжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд “Таван Толгой”-ийн хөрөнгө оруулагчтай зарчмын шийдэлд хүрсэн учраас төслийг албан ёсоор эхлүүлэх боломжтой болсон талаар ням гарагт мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам, Эрдэнэт-Овоот чиглэлийн 570 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд явагдана гэж Ерөнхий сайд хэлж байлаа. Харин УИХ-ын зүгээс “Таван Толгой” төслийн асуудлыг Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй гэдгийг илэрхийлсэн юм. Мөн Монголын төмөр зам Төрийн өмчит компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “MMC” тэргүүтэй түншлэлд олгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Энэ хүрээнд УИХ-ын дарга хаврын чуулганы нээлтийн үеэр “Таван Толгой”-ийн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна гэж мэдэгдсэн юм. http://bloombergtv.mn