“TURQUOISE HILL RESOURCES”-ИЙН ҮНЭЛГЭЭ 724 САЯ ДОЛЛАРААР ӨСЛӨӨ

2015-4-7 "Оюу Толгой”-ийн асуудлаар “Rio Tinto” групптэй зарчмын тохиролцоонд хүрсэн гэх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн дараа “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш сүүлийн жил хагасын хамгийн өндөр өсөлтөө харууллаа. Тухайлбал Торонтогийн Хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжааг тус компанийн нэгж хувьцаа 9.8 хувийн өсөлттэй хаасан бол Нью-Йоркт 11.1 хувийн өсөлттэй байсан байна. Ингэснээр Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дэх “Turquoise Hill Resources”-ийн үнэлгээ 724 сая доллараар өсч, 7.2 тэрбум долларт хүрсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ням гарагт "Оюу Толгой маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрсэн. Үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлана" гэж мэдэгдсэн юм. Үүний дүнд "далд уурхайн бүтээн байгуулалт сэргэж, 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад оруулах үүд хаалга нээгдэж байгааг" онцолжээ. Ерөнхий сайдын мэдэгдлээс өмнө “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш “Оюу Толгой” компани 30 орчим сая долларын татварын акт төлөх ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд байна. Одоогоор энэ хэрэг захиргааны хэргийн давж заалдах хэргийн шүүхэд шилжээд байгаа юм. http://bloombergtv.mn