ХЭДС-ААС ОЛГОЖ БАЙГАА ЗЭЭЛД 80 ХУВИЙН БАГЦЫН БАТЛАН ДААЛТ ГАРГАНА

2015-4-6 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа нийт зээлд 80 хувийн багцын батлан даалт гаргахаар Засгийн газар Төрийн банктай гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран “Зах зээл, бэлчээрийн удирдлагыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд зээлийн батлан даалтын үйлчилгээг орлого багатай иргэд рүү чиглүүлэх, тэдгээрийн амьжиргааг санхүүгийн шинэ боломж бүтээгдэхүүнээр дэмжих зорилгоор 80 хувийн багцын батлан даалт гаргахаар болж байна. Багцын батлан даалт гэх санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлснээр бичил жижиг зээлийн хэрэгцээтэй боловч барьцаа хөрөнгийн дутагдлаас шалтгаалан зээлээ авч чадахгүй байсан иргэдэд боломж олгож байгааг Сангийн яамнаас онцоллоо. Батлан даалтын хэмжээний хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл хүсч буй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд таван сая төгрөгийн зээлд 80 хувь буюу 4 сая хүртэлх төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдэд 10 сая төгрөгийн зээлд 8 сая хүртэлх төгрөг байна. Зээлдэгч батлан даалт гаргуулсны шимтгэлд батлан даасан дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийг төлөх бол банкнаас олгох зээлийн хугацаатай адил байх ажээ. http://bloombergtv.mn