31
2015-03
ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАХ АСУУДЛААР 5 ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВАВ
2015-3-27
НИТХ-ын ээлжит хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хэлэлцсэн ч энэ асуудлаар МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл” 5 хоногийн завсарлага авлаа. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтын хүрээнд дагуул хот байгуулах төслийг боловсруулсан. Энэ хүрээнд 2015 оны 1 дүгээр сард Налайх, Багануур дүүргийн иргэдийн дунд дүүргийг хот болгох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулж, олонхийн дэмжлэг авсан. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Багануур хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь нүүрсний уурхайгаас гадна нано технологи, барилгын материал, хөнгөн үйлдвэр болон тээвэр ложистикийн төв байхаар тусгасан байдаг. Харин Налайх хотын хувьд өрхийн аж ахуй, барилгын материал үйлдвэрлэл болон шинэ технологи нутагшуулах парк байна гэж тусгажээ.
http://bloombergtv.mn