ҮЦТТТХТ 3.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙЖЭЭ

2015-3-26 Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв 2014 онд орлого, зарлагын 5647 удаагийн гүйлгээгээр нийт 3.2 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийжээ. 2013, 2014 оны мөнгөн хөрөнгийн гүйлгээний өсөлт нь Монголбанкаар арилжаалагдсан Засгийн газрын бондын төлбөр тооцоотой холбоотой юм. 2014 онд Засгийн газрын бондын эргэн төлөлтийн төлбөрт 1.5 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 2014 онд Монголын Хөрөнгийн биржээр дамжин 60.3 тэрбум төгрөгийн хувьцаа болон үнэт цаасны арилжаа хийгдсэнээс 287.3 сая төгрөгийн шимтгэл Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвд ногдсон байна. Ялангуяа Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн шимтгэл 2013 оныхоос бараг 4 дахин буурч, 95.9 сая төгрөг болжээ. Арилжааны үнийн дүнд гадаадын аж ахуйн нэгжийн эзлэх хувь 2013 онд 10 хувь байсан бол 2014 онд 4 хувь болж буурсан байна. Мөн дотоодын аж ахуйн нэгжийн арилжааны үнийн дүнд эзлэх хэмжээ 82.0 хувиас 58 хувь болж буурчээ. Үүнээс гадна гадаад иргэдийн арилжааны үнийн дүнд эзлэх хэмжээ хоёр хувиас 2.5 дахин өссөн бол дотоодын иргэдийнх 5.5 дахин нэмэгдэж 33 хувьд хүрээд байна. Үүнээс харахад иргэдийн хөрөнгийн зах зээл дэх оролцоо нэмэгдэж, аж ахуй нэгжийн оролцоо буурчээ. http://bloombergtv.mn