31
2015-03
KHAN RESOURCES: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ӨДӨРТ 6485 ДОЛЛАРААР НЭМЭГДСЭЭР БАЙНА
2015-3-27
“Khan Resources” компани Монгол Улсын Засгийн газрын төлбөр өдөрт 6485 доллараар нэмэгдэж байгаа гэж мэдээллээ. Ингэснээр нөхөн төлбөрийн нийт хэмжээ 103.8 сая доллар болоод байгаа юм байна. Энэ сарын эхэнд Парис дахь Арбитрын шүүхээс Монгол Улсын Засгийн газрыг “Khan Resources” компанийн "Дорнод" ураны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 онд үндэслэлгүй цуцалсан гэж үзсэн юм. Тиймээс тус компанийн хүлээсэн алдагдал болох 80 сая долларыг хүүгийн төлбөртэй, мөн Арбитрын шүүхийн зардал болох 9.1 сая долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүх 2011 онд дээрх тусгай зөвшөөрлийг үндэслэлгүй цуцалсан гэж үзсэн ч Цөмийн Энергийн газар тусгай зөвшөөрлийг нь эргэн сэргээгээгүй бөгөөд тиймээс тус компани Арбитрын шүүхэд хандсан юм. "Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн аваад байна. Засгийн газарт дараагийн шатанд авах арга хэмжээ нээлттэй байгаагаас гадна “Khan Resources” компанитай зөвшилцөх боломжтой" гэж Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг мэдээлсэн юм. “Khan Resources” компани Засгийн газрын төлөөлөлтэй уулзсан бөгөөд уулзалтаар талууд асуудлыг эвээр шийдэх хэрэгтэй гэдэг дээр санал нийлсэн гэж “Khan Resources” компанийн зүгээс онцолжээ. Дараагийн уулзалт ирэх сарын 20-нд товлогдсон байна.
http://bloombergtv.mn