MOODY'S: МОНГОЛЫН АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ТӨЛӨВ СӨРӨГ ХЭВЭЭР БАЙНА

2015-3-6 Олон улсын үнэлгээний “Moody's" агентлаг Монголын арилжааны банкуудын төлөв сөрөг хэвээр хадгалагдсаар байгааг мэдээллээ. Мөн сүүлийн жилүүдэд бодлогын дэмжлэгтэйгээр зээл өссөн нь одоо зээлийн чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж “Moody's"-ийн шинжээч Пак Хюн Хи хэлсэн байна. Тус агентлагийн үзэж байгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар байсан бөгөөд банкны салбар ч үүн дээр тулгуурлаж өссөн. Харин одоо олон улсын зах зээлд гол нэр төрлийн таваарын ханш уналттай, эрэлт буурч байгаа зэрэг нь Монголын эдийн засгийн өсөлтөд дарамт болж магадгүй байгаа аж. “Moody's" энэ удаагийн тайландаа таван гол үзүүлэлтээр Монголын арилжааны банкуудын төлвийг тодорхойлжээ. Эдгээрээс үйл ажиллагаа явуулж байгаа эдийн засгийн орчин, хөрөнгийн хөрвөх чадвар, хөрөнгийн чанар, үйл ажиллагааны үр ашигтай байдал гэсэн үзүүлэлтүүд "буурч байгаа" гэсэн үнэлгээ авсан бол системийн дэмжлэгийн үзүүлэлт тогтвортой гэж үнэлэгдсэн байна. Монгол Улс макро эдийн засгийн бодлогоо чангатгаж байгаагаас гадна гадаадын хөрөнгө оруулалт буурсан, гадаад эдийн засгийн орчин таагүй байгаа зэрэг нь ирэх 12-18 сарын хугацаанд эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй байна. “Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт эхэлж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч энэ нь Монголын эдийн засгийг сэргээх эргэлтийн цэг биш гэж “Moody's" үзжээ. http://bloombergtv.mn