ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨРӨНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ

2015-2-23 Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэр болон Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайланг Засгийн газарт танилцууллаа. Хөгжлийн банкны тайлан тэнцэлд Чингис бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрт хамаарах 7 төрлийн санхүүжилт тусгагдаж байна. Чингис бондын 1.5 тэрбум долларын эх үүсвэрээс дэд бүтэц, үйлдвэрлэлийн чиглэлийн нийт 11 багц төслийг санхүүжүүлэхээр баталсан юм. Мөн Гудамж төсөл, Цахилгаан станц, Шинэ төмөр зам, агаарын тээвэр болон Экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдэд 1 тэрбум долларын санхүүжилт олгохоор тогтсон талаар Хөгжлийн банк мэдээллээ. Харин Хөгжлийн банкны эх үүсвэрт 580 сая долларын дунд хугацааны евро бонд, 30 тэрбум иенийн үнийн дүн бүхий Самурай бонд хамаарч байна. Мөн Байшин үйлдвэрлэх комбинатын хүчин чадлыг жилд 150 мянган метр куб барилгын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай болгон өргөжүүлэх төсөлд 13.1 сая еврогийн санхүүжилт татсан. Одоогоор энэ хөрөнгөөс 9.7 сая еврогийн зээлийг БҮК-д олгосон байна. Эдгээрээс гадна Хөгжлийн банк өнгөрсөн онд олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татах хүрээнд “Credit Suisse" банкнаас 300 хүртэлх сая долларын зээлийн гэрээ байгуулсан. Түүнчлэн Монгол Хятадын хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд 162 сая долларын санхүүжилт авахаас өнгөрсөн онд 112 сая долларыг хүлээн авчээ. http://bloombergtv.mn