18
2014-12
МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТЫН ДИЙЛЭНХИЙГ ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮН БҮРДҮҮЛЖЭЭ
2014-12-12
Монгол Улсын нийт экспортын 83.2 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ оны эхний 11 сард Монгол Улс 4.3 тэрбум долларын эрдэс бүтээгдэхүүн экспортод гаргажээ. Үүнээс 53 хувийг дан ганц зэсийн экспорт бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл эрдэс бүтээгдэхүүний экспортоос Монгол Улсад орж ирж байгаа 2 доллар тутмын 1-ийг зэс бүрдүүлж, Монгол Улсын нийт экспортын 44 хувийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлжээ.
Тодруулбал энэ оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспортоос 2.2 тэрбум долларын орлого орж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 268 хувиар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ 12 дугаар сард баримтлах зэсийн жишиг үнийг Сангийн яам 6700 доллар байхаар тогтоосноо танилцууллаа.
2014 онд Монгол Улсын нүүрсний экспорт бага зэрэг нэмэгдэж, 16.9 сая тоннд хүрсэн бол зэсийн баяжмал 2.5 дахин, газрын тос 1.8 сая баррелиар, алт нэг тонноор тус тус нэмэгдээд байна. Гэхдээ төмөр болон цайрын хүдэр баяжмалын экспортын хэмжээ буурчээ.
11 дүгээр сард Монгол Улс 2.7 сая тонн нүүрс олборлосон бол энэ оны эхнээс 20.8 сая тонныг олборложээ. Үүнээс 16.9 сая тонныг 759 сая доллараар экспортод гаргасан байна. Хэдийгээр экспортод гаргасан нүүрсний хэмжээ өнгөрсөн оны түвшинд хадгалагдсан ч үнийн уналтаас болж экспортын орлого 25 хувиар татарсан байна. Харин 12 дугаар сарын нүүрсний жишиг үнийг Сангийн яам 19.5-66 доллараар тооцоод байгаа аж.
www.bloombergtv.mn