Монгол улс, Улаанбаатар хот-2026-02-13- Монголын тэргүүлэгч финтек нэгдэл Ард Санхүүгийн Нэгдэл нь хиймэл оюунд суурилсан санхүүгийн шийдлүүд нэвтрүүлэгч Surfin AI компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үзүүлж буй санхүүгийн үйлчилгээнүүдэд хиймэл оюуны шийдлүүдийг шингээхэд чиглэн ажиллана. Ингэснээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү ухаалаг, хүртээмжтэй чиглэлд хөгжүүлэх үүд хаалга нээгдэж байна.
Энэхүү хамтралаар хиймэл оюунд суурилсан зээлийн скорингийн системийг нэвтрүүлж, зээлийн бүтээгдэхүүний хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, цаашлаад бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдэд хиймэл оюуны шийдлийг шингээхээр зорьж ажиллана. Энэхүү хиймэл оюуны шийдлүүдийг нэвтрүүлснээр Ард Аппын харилцагчдад илүү хурдан, хүртээмжтэй, оновчтой бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв цагтаа авах боломж нээгдэх бөгөөд цаашлаад Монгол улсын өнцөг булан бүрт санхүүгийн үйлчилгээгээ цогц байдлаар хүргэх суурь тавигдаж байна. Surfin AI компани нь Сингапур Улсад төвтэй хиймэл оюунд суурилсан төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэгч, нэвтрүүлэгч компани бөгөөд одоогийн байдлаар 3 тивийн 10 улсад үйл ажиллагаагаа явуулж, хэдийн 100 сая орчим харилцагчтай болоод буй салбарын тэргүүн тоглогчдын нэг юм.
Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг тус хамтралын тухайд, “Ард Санхүүгийн Нэгдэл өсөлт, хөгжлийн шинэ шатандаа шилжиж буй энэ үед Surfin AI компанитай түншлэх нь Монгол Улсад технологи, тэр дундаа хиймэл оюунд суурилсан, хурдан шуурхай санхүүгийн үйлчилгээний өсөлтийг хурдасгаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Шинэ тутам асар хурдтай хувьсан хөгжиж буй хиймэл оюуны эрин цагт Монгол Улс дэлхийн тэргүүн тоглогчид, манлайлагчдаас хоцролгүй зэрэгцэн хамтарч ажиллах нь зүйтэй.” хэмээн тодотголоо.
Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд санхүүгийн бүхий л үйлчилгээг Ард Аппаар дамжуулан Монгол Улсын иргэн бүрт хүргэхээр зорин ажиллаж буй Монголын тэргүүлэгч финтек нэгдэл юм. Технологийн шийдэлд суурилан санхүүгийн үйлчилгээг улам бүр хөгжүүлэн, төгөлдөржүүлэн бүтээлч түйвээлт хийхээр ажиллаж байна.
Surfin AI нь Сингапур Улсад бүртгэлтэй технологи, банкны дижитал үйлчилгээ, төлбөрийн систем, P2P зээл болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд харилцагчдадаа үр ашигтай, хүртээмжтэй, нийгэмд эерэг нөлөө бүхий санхүүгийн дижитал шийдлүүдийг санал болгодог.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт
Холбогдох утас: 77003322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: www.ardholdings.com