Ард Кредит ББСБ олон улсын зах зээлээс 5 сая долларын санхүүжилт татан төвлөрүүллээ

Улаанбаатар хот,– 2025-08-21

Монголын тэргүүлэгч финтек болох Ард Кредит нь Япон Улсад төвтэй Банкирс Крауд Кредит-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, 5 сая долларын санхүүжилтийн хэлцлийг амжилттай байгууллаа. Уг санхүүжилтийн гэрээний дагуу эхний транч санхүүжилтыг ойрын хугацаанд шилжүүлэгдэхээр төлөвлөгдсөн байна.

Энэхүү хэлцэл нь Ард Кредитын зээлийн багцыг өргөжүүлж, Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тэргүүлэгч ББСБ-ын байр суурийг бататгах боломжийг олгоно. Татсан хөрөнгийг Ард Аппаараа дамжуулан залуу бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчид зэрэг бүлгүүдэд хүртээмжтэй санхүүжилт олгох зорилгоор зарцуулж, орон даяар өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Хамтын ажиллагааны тухайд Ард Кредит компанийн Бизнес Хөгжлийн Газрын Захирал Наянжингийн Ачит: “Өсөлтийн шинэ үе рүүгээ шилжиж буй энэ үед Банкирс Крауд Кредиттэй түншилснээр Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, өсөлтийг хурдасгахад онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Мөн Ард Кредитын финтек зээлийн загвар, компанийн тогтвортой байдлыг бататгаад зогсохгүй Монголын финтек салбар дахь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг харуулж байна. Бид цаашид хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ илүү төрөлжүүлэх, стратегийн түншлэлүүдийг бий болгох зорилгоор Хонгконг болон Сингапур Улсаас хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх ажлаа эрчимжүүлж байна.” хэмээн онцлон тэмдэглэв.

Ард Кредит ББСБ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал зээл болон санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Технологийн шийдлээр дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд зорин ажилладаг.

Банкирс Крауд Кредит нь үр ашигтай, өсөн дэвших боломж бүхий бизнесийг хөрөнгө оруулагчидтай холбон зуучилдаг Япон Улсын онлайн санхүүжилтийн платформ юм. Харилцагчдадаа санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд нь тусалж, хөрөнгө оруулагчдад тогтвортой өгөөжтэй, нийгэмд эерэг нөлөө бүхий хөрөнгө оруулалтын боломжийг санал болгодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Кредит ББСБ ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardcredit.com
Вэбсайт: www.ardcredit.com