Ард, Монгол Шуудан стратегийн хамтын ажиллагаагаа өргөтгөж, санхүүгийн хүртээмжийг 21 аймаг, 330 сумд бүрэн хангах боллоо

am

Ард Кредит, Монгол Шуудан хамтран ухаалаг POS (Point of Sale) төхөөрөмжөөр дамжуулан Монгол Улсын бүх аймаг, сумдад санхүүгийн үйлчилгээг хүргэх стратегийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Өмнө нь 150 төхөөрөмжийг орон нутгийн салбаруудад хуваарилсан бол энэ удаа нэмэлтээр 180 POS-ыг илгээхэд бэлэн болж, нийт 330 сумыг хамарсан бүрэн сүлжээ бүрдүүлж байна.

  Энэхүү санаачилга нь Монгол Улсын дижитал шилжилт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд шуудангийн салбараар дамжуулан зээл, хадгаламж, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн үйлчилгээг газар дээр нь авах боломжтой болж байна.

  Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэн энэхүү хамтын ажиллагааны талаар хэлэхдээ: "Монгол Шуудан ХК-ийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн хүрээнд бид зөвхөн шуудан, логистикийн үйлчилгээг Монголын өнцөг булан бүрд хүргэхээс гадна Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран санхүүгийн үйлчилгээг ч иргэдэд ойртуулж байгаадаа баяртай байна. Шууданчдаараа дамжуулан ухаалаг POS төхөөрөмжөөр санхүүгийн олон төрлийн шийдлүүдийг газар дээр нь, түргэн шуурхай хүргэх нь бидний хувьд алслагдсан бүс нутгийг эдийн засгийн идэвхтэй оролцогч болгоход хувь нэмэр оруулж буйн илрэл юм. Бидний хамтын ажиллагааны эхлэлийг тохиолдуулан Ард Санхүүгийн Нэгдлээс манай компанийн орон нутгийн шууданчдад 100 сая төгрөгөөр үнэлэгдэхүйц Английн алдарт Royal Enfield Himalayan 411 маркийн 5 мотоцикл бэлэглэж байгаад туйлын их талархаж байна. Шууданчдын маань хөл хүрэхгүй газар гэж үгүй — тиймээс бид энэхүү унаагаар үйлчилгээг илүү хурдан, илүү хүртээмжтэй түгээнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна."

  Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоо: “Ард Санхүүгийн Нэгдэл нь 2016 онд Монгол Шуудангийн хувьчлалд оролцож, өнөөдөр тус компанийн 26 гаруй хувийг эзэмшдэг стратегийн хөрөнгө оруулагч болоод байна. Энэ хугацаанд бид олон чухал төсөл, ажлыг хамтран хэрэгжүүлсний нэг нь Монгол Шуудангийн орон нутгийн дэд бүтцэд суурилсан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтарсан хөтөлбөр юм. Энэхүү түншлэл нь бидний бизнесийн цар хүрээг хамгийн оновчтой, ухаалаг байдлаар тэлэх суурь болж байна” гэлээ.

  Ард Кредит ББСБ ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал зээл болон санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Тус байгууллага технологид суурилсан шийдлүүдээр дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд зорин ажилладаг.

  Монгол Шуудан ХК нь 100 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний байгууллага юм. Улсын хэмжээнд хамгийн өргөн хүрээтэй сүлжээг эзэмшдэг тус компани өнөөдөр иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүрээгээ байнга шинэчилж, өргөжүүлэн ажиллаж байна.