
Улаанбаатар хотын төвлөрөл, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах зорилготой Ухаалаг хот төслийн хэрэгжилт шинэ шатанд гарлаа. Өмнө нь Австрийн Teichmann & Compagnons Property Networks GmbH болон Ард Санхүүгийн Нэгдлийн харьяа компани болох AIG Групп хамтран эхлүүлсэн уг төсөлд Монголын үндэсний хөрөнгө оруулагч Ажнай Корпораци нэмэгдэн оролцож, стратегийн түншлэл улам өргөжиж байна.
Ухаалаг хот төсөл нь сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бие даасан шийдэл, дижитал засаглал зэрэг дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй шинэ төлөвлөлтийн хотыг цогцлоох зорилготой. Энэхүү төсөл нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт бус, хот байгуулалтын олон улсын жишигт нийцсэн иж бүрэн санаачилга юм. Хотын ерөнхий төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бүтэц, талуудын эрх үүрэг, санхүүжилтийн механизм зэрэг үндсэн чиглэлүүдийг хамарсан ажлын хэсэг байгуулагдаад байна.
Ажнай Корпораци нь Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран төсөл хэрэгжүүлэх газар нутгийг бэлдэж, хөрөнгө оруулалтын үндэс суурийг тавьж байна.
Төслийн хэрэгжүүлэгч талууд энэхүү ухаалаг хотыг Монгол Улсын дотоод хэрэгцээг хангахын зэрэгцээ бүс нутгийн хэмжээний үлгэр жишээ шийдэл болгон хөгжүүлэх зорилготой. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагч, технологийн түншүүдийг татах, ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.
1992 онд байгуулагдсан Ажнай Корпораци нь Монгол Улсын банк, санхүү, уул уурхай, тээвэр логистик, аялал жуулчлал, худалдаа, хүнсний үйлдвэрлэл зэрэг стратегийн салбаруудад тогтвортой хөрөнгө оруулалт хийж, салбар бүртээ инноваци, өсөлтийг манлайлан хэрэгжүүлж буй тэргүүлэгч групп компани билээ.
Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.
09
2025-07