Даатгал болон Хувийн Тэтгэврийн Сангийн Нэгдэл үүсгэн байгуулагдлаа

d2

Улаанбаатар хот, 2025-04-29-Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн эзэмшлийн Ард Даатгал ХК-ийг Өндөрхаан ХК-д худалдахтай холбоотой гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь үйл ажиллагаагаа илүү нарийвчлах, ашигт ажиллагаагаа сайжруулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлагын зөв арга барилыг хэрэгжүүлэх зэрэг зорилгоор 3 жилийн өмнөөс бүтцийн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн билээ. Үүний хүрээнд хийгдэж буй нэг томоохон хэлцэл нь даатгалын төрлийн бүхий л үйлчилгээ үзүүлдэг компаниудыг нэг дор төвлөрүүлэн, Монголын анхны даатгалын үйлчилгээгээр төрөлжсөн нээлттэй нэгдэл компани бий болгох байсан бөгөөд өнөөдөр энэ зорилго биелэлээ олж байна. Өөрөөр хэлбэл, Ард Санхүүгийн Нэгдэл ХК өөрийн шууд болон хамаарал бүхий компаниудын эзэмшиж буй Ард Даатгал ХК-ийн 50 хувьтай тэнцэх хувьцааг нийт 20 тэрбум төгрөгөөр үнэлэн Өндөрхаан ХК-д худалдахаар талуудтай тохиролцоонд хүрч, холбогдох гэрээнд талууд гарын үсэг зурснаар даатгалын салбарын хувьд түүхэн шийдвэрийг гаргалаа. 

Эргэн сануулахад, өнгөрсөн онд Ардын Тэтгэврийн Сан ХХК 100 хувь Өндөрхаан ХК-д нэгдэж байсан билээ. Дээрх хэлцэл хийгдсэнээр Өндөрхаан ХК нь монголдоо тэргүүлэгч ердийн даатгалын болон хувийн тэтгэврийн санг нэгтгэсэн нэгдэл компани болж байна. Цаашид Өндөрхаан ХК нь эдгээр компанийн үйл ажиллагааг бие даасан байдлаар хөгжүүлэхээс гадна бусад даатгалын төрлийн бизнесүүдийг өөрийн харъяанд нэгтгэх, шинээр үүсч болох амьдралын даатгалын үйлчилгээ зэрэг бизнесийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг өсгөж, өгөөжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх болно.

Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалын, салбартаа тэргүүлэгч Ард Даатгал ХК нь тус хэлцлийг хийснээр цаашид өсөлтөө тогтмол хадгалж, байр сууриа улам бэхжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад хамгийн найдвартай, хурдтай хүргэх боломж бүрдэхээс гадна, Ардын Тэтгэврийн Сан ХХК-тай хамтран хөрөнгийн зах зээлд урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчийн үүргийг гүйцэтгэж, зөвхөн даатгалын салбараас гадна хөрөнгийн зах зээлийн гол тоглогч болох боломжтой болж байна.