by

Степ Голд ХХК (TSE:STGO) Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгүүлэхээр боллоо 2020-12-14

Улаанбаатар хот, 2020 оны 12 сарын 14. Торонтогийн Хөрөнгийн Бирж (ТХБ) дээр арилжаалагддаг Степ Голд ХХК (Steppe Gold) нь Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа давхар бүртгүүлж олон нийтээс хөрөнгө оруулалт татах шийдвэрийг гаргалаа. Энэ төслийн үндсэн андеррайтераар Ард Секюритиз ҮЦК-ийг сонгон ажиллуулахаар болжээ.

Тус компани 2018 онд хувьцаагаа анх олон нийтэд санал болгож 21.1 сая канад долларыг ТХБ дээр босгож байсан бол өнөөдөр компанийн зах зээлийн үнэлгээ нь 143 сая канад доллар болжээ. Компани нь Дорнод Аймгийн нутагт оршдог “Алтан Цагаан Овоо” ордоос алт олборлох үйл ажиллагаагаа 2020 онд эхлүүлсэн бөгөөд эдийн засгийн энэ хүнд хэцүү үед Монголын гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж эхлээд байна. Одоогоор Алтан Цагаан Овоо төслөөс компани нь жилд 60,000 унц алт боловсруулж авахаар ажиллаж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж 150,000 унц алт боловсруулах ТЭЗҮ боловсруулаад байна. Түүнчлэн компани нь Баянхонгор Аймагт оршдог Уудам Хөндий төслийн хайгуулын ажлыг амжилттайгаар эхлүүлсэн бөгөөд цаашид нөөцөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү давхар бүртгэлийн ажил амжилттай хэрэгжсэнээр Монголчууд Степ Голд компанид хөрөнгө оруулж, газрын хэвлийн баялгийн эзэн нь болох боломж нээгдэж байгаа юм.

Монголбанк 2020 оны 12 сарыг хүртэл өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт метал худалдан авсан ба энэ нь өмнөх оны мөн үеэс 6.5 тонноор өссөн үзүүлэлт бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. Алтны үнэ өссөөр 2020 оны 1 сард 137,211.81 төгрөг байсан Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 11 сард 170,810.51 төгрөг хүрсэн бол 12 сар гарсаар 164,601.33 төгрөг болсон байна.

Торонтогийн Хөрөнгийн Бирж 12 сарын 11-ний өдөр хаагдахад нэгж TSE:STGO хувьцааны үнэ 0.96 хувиар өсөж, 2.11 канад доллар хүрсэн байна. 

Андеррайтераар ажиллах Ард Секюритиз ҮЦК нь Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны 40 орчим хувийг гүйцэтгэдэг, брокер, дилер, гадаад арилжаа, андеррайтингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Компани нь 2020 онд хөрөнгийн захын цоо шинэ бүтээгдэхүүн болох Үндэсний Хувьчлалын Сан хаалттай хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа билээ. Mонголын Хөрөнгийн Бирж дээр Ард Секюритиз үнэт цаасны компанитай хамааралтай Ард Санхүүгийн Нэгдэл (MSE:AARD), Ард Даатгал (MSE:AIC), Ард Кредит (MSE:ADB), Монгол Шуудан (MSE:MNP), Үндэсний Хувьчлалын Сан (MSE:XOC) зэрэг таван компани арилжаалагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Степ Голд ХХК
Вэбсайт: https://steppegold.com/
Имэйл:
Утас: +976 77321914

Ард Секюритиз ҮЦК ХХК
Вэбсайт: www.ardsecurities.com
Имэйл: info@ardsecurities.com
Утас: +976 77078181