by

Ард Санхүүгийн Нэгдлийн 2020 оны санхүү, үйл ажиллагааны урьдчилсан тайлангаа танилцууллаа 2021-01-29

image_2021-01-22_00-17-09 jijig-minСайн байна уу, сайхан өвөлжиж байна уу, та? 

Шинэ 2021 оны мэндийг хүргэн мэндчилж байгаадаа баяртай байна. 

Хувьцаа эзэмшигч, харилцагч, түнш болон хамтран зүтгэгч та бүхэндээ Ард Санхүүгийн Нэгдлийн 2020 оны ажлынхаа үр дүнг тайлагнаж байгааг хүлээн авна уу?

Өнгөрөгч 2020 онд дэлхий даяар коронавирусын цар тахал дэгдсэний улмаас улсын хил хаагдаж, бүх нийтээрээ хөл хорионд орж, төрөөс онцгой дэглэмд шилжин бид бүхний сурсан, дассан бүх зүйл өөрчлөгдөж, амьдралын хэв маяг, нийгмийн харилцаа орвонгоороо эргэсэн урд өмнө тохиолдож байгаагүй онцгой үйл явдлуудаар дүүрэн жил боллоо. Төр засгаас иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, орлогын эх үүсвэрийг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажилласан ч ард иргэдийн хувьд ч, бизнесийн байгууллагуудын хувьд ч онцгой хүнд нөхцөл байдалд ажил, амьдралаа залгуулан ажиллалаа. Олон ч компани зах зээлгүй болсон тул үүд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таг зогсоох байдалд хүрсэн харамсалтай үр дагавар нийтлэг байлаа.

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд бүхий л ажлаа эртнээс цахимжуулж, салбаргүй, цомхон чадварлаг бүтэцтэй ажиллаж ирсний хувьд өнгөрсөн жил зах зээл дээрх байр сууриа өсгөж, тэлсэн, олон шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн, ололт амжилтаар дүүрэн богцтой он жил байсныг мэдэгдэхэд таатай байна. Манай хувьцаа эзэмшигчид хурлаа цахимаар зохион байгуулсан бол бид хил хаагдсаны улмаас хоёр талд гацсан байгааг ашигтайгаар эргүүлж, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгынхоо хүрээнд Европ, Монгол даяар бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулан сурталчилж, шинэ хэрэглэгчдийг олноор татаж чадлаа. Монголын хамгийн анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Сан IPO хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэв. Ард Аппын 4 дэх хувилбар дээр ажиллаж, Digital Assets Exchange буюу Виртуал Хөрөнгийн Бирж (DAX.mn) болох блокчэйн технологид суурилсан крипто, секюрити токен арилжаалах платформоо олон нийтэд танилцууллаа. Монгол Шуудантай хамтран бид EuroGiro олон улсын мөнгөн гуйвуулгын сүлжээний үйлчилгээг нэвтрүүлж эхлэв. Монгол ТВ-тэй хамтран бүтээсэн Аппрентис Монгол Шоу маань олны хүртээл болж эхэлсэн бөгөөд үзэгч түмний таашаалд нийцэж, бизнесийн менежмент, маркетинг, санхүүгийн боловсролыг түгээхэд их ач холбогдолтой нэвтрүүлэг болж байна.

2020 оны эхэнд Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн сагс шинэчлэгдэж, Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай 3 компани багтсан юм. Тус индекс нь өмнөх ондоо хамгийн ихээр арилжаалагдсан компанийн хувьцааг онцгойлдог үзүүлэлт билээ.

Ард Санхүүгийн Нэгдэл (AARD), Ард Даатгал (AIC), Ард Кредит (ADB), Ард Лайф ХХК, Ард Актив ХЗХ,Үндэсний Хувьчлалын Сан (XOC) 2021 оны 1 сарын 22-нд санхүү, үйл ажиллагааны тайлангаа урьдчилсан байдлаар хөрөнгө оруулагчиддаа танилцууллаа. Ард Холдингс тайлант хугацаанд 2.5 тэрбум, Ард Даатгал 2.08 тэрбум, Ард Кредит 2 тэрбум төгрөгийн ашигтай тус тус ажиллалаа. Ард Кредитын хувьд 1.5 сая ширхэг зээлийн хүсэлт хүлээн авснаас  67.7  мянган  зээлдэгчдэд 42.2 тэрбум төгрөгийн зээл олгож ажилласан байна. Харин Ард Даатгалын нийт хөрөнгө 28.7 тэрбум төгрөгт хүрч, 15.8 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлэн ажиллалаа. Ард Лайфын харилцагчдын тоо 10,000-ын босгыг даван, хөрөнгө оруулалтын ашиг өмнө жилийхээс 63 хувиар өсч 1.6 тэрбум төгрөг болсон байна. Ард Активын хөрөнгө 66 хувиар өсч 6.9 тэрбумд хүрсэн бол Үндэсний Хувьчлалын Сан нь ард иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа эхлүүлэн оны эцэст хөрөнгө оруулагчиддаа жилийн 29.4 хувийн өгөөжтэй ажиллаж чадлаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Оны сүүлчээр Ард Апп хэрэглэгчдийн тоо 449,122 болж, 202 сая ширхэг АрдКойн урамшууллаар олгогдсон байна. Ард Шопын стратегийг шинэчлэх үйл явц эрчимтэй өрнөж, хөл хорионы үед харин ч бизнесээ Монгол Шуудангийн хамтаар эрчимжүүлээ авсныг дурдах хэрэгтэй болов уу? 

Ковидын цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй энэ үед Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай компаниуд ногдол ашиг тарааасан нь сонин содон бизнесийн шийдэл байсан бөгөөд Ард Кредит 1.1 тэрбум, Ард Даатгал 850 сая, Ард Санхүүгийн Нэгдэл 1 тэрбум төгрөгийг тус бүр хувьцаа эзэмшигчидтэйгээ хуваалцсан юм. Хүчтэй бөгөөд Хамтдаа байх уриандаа үнэнч байсныг энэ маань илтгэж байгаа болов уу? Итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа!

Aрд Академи ард иргэдийнхээ санхүүгийн боловсрол, бизнесийн мэдлэгийг тогтмол нэмэх зорилгынхоо хүрээнд харилцагч хэрэглэгчиддээ 7 хоног бүр хувийн санхүү, хөрөнгө оруулалт болон менежментийн сэдвийн хүрээнд мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч, нийтлэл бэлтгэн хүргэхээс гадна цахим сургалт зохион байгуулж ирлээ. Бид одоогийн байдлаар нийт 38 удаа сургалтыг цахимаар болон танхимаар хийж, вэбсайтдаа нийт 136 нийтлэл оруулсан байгаа бол уншигчийн зүгээс 125,862 удаа орж уншихдаа 2,387 цаг зарцуулжээ. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгээс хэрэгжүүлсэн “Зүрх мартахгүй” төсөл, УОК-т дэмжлэг үзүүлэхээр МББСБХ-ноос санаачилсан хандивын аян зэргийг дэмжиж мөнгөн хандив өргөж оролцсон бол төр засгаас хэрэгжүүлсэн ажлын байрыг цөөлөх бус тогтвортой хадгалах бодлогыг дэмжиж, хэрэгжүүлж ажилласан болно. Манай бүх компаниуд татвар, шимтгэлээ цагт нь зөв тодорхойлж, төлж ажилладгаараа улсынхаа төсвийг бүрдүүлэхэд жил ирэх тусам улам том хувь нэмэр болж байгааг онцлох нь зүйтэй болов уу? 

Ажил хийвэл ам тосдоно гэдэг - манай хувьцааны үнэ он гарсаар Монголын Хөрөнгийн Биржийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, 3 мянган төгрөгийн босгыг анх удаагаа давлаа. АрдКойны үнэ ханш ч өсч 30 төгрөгт хүрсэн нь бидэнд итгэж, бидэнтэй хамт олон жилийн туршид хүлээцтэй байсан та бүхэнд миний амлалт биеллээ олно, бид зөв зүг чигт явж байна гэдэг итгэлийг тань нэмэгдүүлсэн болов уу? Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг санаарай - бид бүх Монголчууд хөрөнгө оруулагч болж, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулдаг болох ёстой, амьдралын давхар хөдөлгүүртэй болох ёстой гэдэгт итгэдэг. Үүнийгээ ч гүйцэлдүүлнэ гэж зүтгүүлсээр байгаа. 

2021 онд бид банкинд хөрөнгө оруулалт хийх болно. Нээлттэй хөрөнгө оруулалтын сантай болно. Тэтгэврийн шинэчлэлээ зүтгүүлнэ. Кредит картаа гаргана. Манай даатгалын үйлчилгээ бүрэн цахимжина. Цахим биржээ төгөлдөршүүлнэ. АрдКойныхоо хэрэглээг нэмэгдүүлнэ. Манай хэрэглэгчид 1 саяд хүрэх болно. Та итгэлтэй байж болно. Би хэлсэн бол хийдэг. Энд одоогоор зарлаж болохгүй нилээд хэдэн ажил бас бий гэдгийг онцлон цохъё. 

Мэдээжийн хэрэг ажил хийж байгаа юм чинь алдах тохиолдол гардаг аа. Замд давж туулшгүй мэт саад бэрхшээл тулгардаг. Гэхдээ бид хийж байгаа зүйлдээ төгс итгэлтэй байдаг учир бүх хүндрэл бэрхшээлийг ажралгүй даван туулсаар ирсэн. Бидний сэтгэлд гал дүрэлзэж байгаа цагт бүхий л асуудлыг даван туулаад л явах болно.

2021 оны Үхэр жил айсуй. Бидний хувьд хөрөнгийн зах дээр Бух давхилаа гэж харж байгаа. Танд амжилт, аз жаргалыг хүсье! Мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах үйлсэд тань амжилт хүсье!  

Хүчтэй. Хамтдаа!

Гүнээ хүндэтгэж, мэхийн ёсолсон,<
Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал
Хутагт овогтой Чулууны Ганхуяг