Ард Кредит ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа. Уг албанд томилогдоод хагас сар ч болоогүй байгаа тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд БНСУ-ын “Сонкьюнкван” их сургуулийн Бизнесийн сургуульд менежментийн шинжлэх ухааны мастерын цол хамгаалжээ. МУИС-ийг төгсчихөөд БНСУ-ын LG International компанийн Монгол дахь салбараас ажлын гараагаа эхлүүлсэн Г.Тэлмэн магистрын зэргээ хамгаалаад LG-д дадлагажигчаар ажиллах болж, улмаар төв салбарт нь үндсэн ажилтан болсон түүхтэй. Дэлхийд тэргүүлэгч компанид ажиллаж, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлаж найзуудын хамт цахим худалдааны хүргэлтийн компани байгуулан, спартап хэмнэлээр хэдэн жил явсан түүний хөрөнгө оруулагч үндэстэн бүтээж, бий болгох гэсэн хүсэл эрмэлзэл, түүндээ хүрэх арга барил, зарчим, итгэл үнэмшил нь юу юм бол. “Хөрөнгө оруулагч үндэстэн” бол том үйл хэрэг” хэмээн ярилцлагын явцад хэдэнтээ онцолсныг зориуд тэмдэглэе. Эл том амбийцийн төлөө хөдөлсөн Ард Санхүүгийн Нэгдэлд ашиг орлогоороо тэргүүлж буй Ард Кредитийг чухам хэнд даатгачихав.
- Ард Снхүүгийн Нэгдэл хувьцааг нь эзэмшдэг Монгол Шуудан компанийн дэд захирал байсан танд уг нэгдэлийн бүрэлдэхүүн болох Ард Кредитийн гүйцэтгэх удирдлагыг даатгалаа. Тиймээс Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэнтэй нэгдсэн таны түүхээс ярилцлагаа эхэлье. Цахим худалдааны хүргэлтийн стартап компани байгуулаад байсан залууг дотоодын шуудангийн зах зээлийн 90 гаруй хувийг бүрдүүлж буй Монгол Шуудангийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар томилсон нь тохиолдлын хэрэг биш байсан болов уу.
-2016 оны нэгдүгээр сарын 9-нд Туушин зочид буудалд Хөрөнгө Оруулагч Үндэстэнг үүсгэн байгуулах хурал болсныг сайн санаж байна. Тэнд 550 орчим хүн ирсний нэг нь би байсан л даа. Тухайн үед би тодорхой хувьцаануудад хөрөнгө оруулаад, 1-2 жилийн дотор байрандаа засвар хийх зэргээр үр өгөөжийг нь бага боловч хүртээд байсан юм. Ер нь хөрөнгө оруулагч үндэстэн болох гэсэн алсын хараа надад байсан. Хүн бүр орлоготой, ямар ажил эрхэлж байгаагаас үл шалтгаалан хувьцаанаас ногдол ашиг хүртдэг, тэтгэвэр нь хүрэлцдэг байлгахыг хүсэж байна. Жишээ нь, 2011, 2012 онд манай улсын эдийн засгийн өсөлт 17.2 хувьд хүрч, асар хурдацтай нэмэгдсэн. Уул уурхай дагасан зарим салбарын ашиг, орлого бүр 300 хүртэл хувиар өссөн байдаг. Тэр өсөлтийн өгөөжийг хэн хүртэв. Тухайн үед ашигтай ажилласан хэдэн компани, тэдгээрийн цөөн хэдэн удирдагч, өмчлөгч нь л тэр ашгийг амсаж, мэдэрсэн гэхэд болно. Жирийн багшийн цалин тэр хэмжээгээр өсөөгүй. Хөрөнгө Оруулагч Үндэстэн бол маш том үйл хэрэг юм. Санхүүгийн систем зөв хөгжсөнөөр бидний хүсээд байгаа орлогын тэгш хуваарилалтыг бий болгодог. Бусад орон ч ингэж хөгжсөн. Тиймээс ч уг үйл хэргийг эхлүүлсэн, санаачилга гаргасан хүмүүст итгэж, сая төгрөгөө шилжүүлчихээд, хуралд нь ирж концепц, агуулгыг нь өөрийн чихээр сонссон хэрэг. Цааш унших