by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН III УЛИРЛЫН ТАЙЛАН 2018-10-24

Гүйцэтгэх захирлын илгээлт

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчдээ!

Сайхан намаржиж байна уу? Юуны түрүүнд та бүгдэд Ард Даатгалын түүхэн IPO амжилттай явагдсанд баяр хүргэе. Ард Санхүүгийн Нэгдлийн 3 дугаар улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хүргүүлж байгаадаа бид бүхэн баяртай байна. Манай ТУЗ 9 дүгээр сарын эхээр хуралдаж, компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн байдалтай танилцсан болно.

Компанийн нийт хөрөнгө 9 сарын сүүлээр 54.6 тэрбум төгрөгт хүрч өссөн ба ашгийн хэмжээ 3.5 тэрбум төгрөгт хүрлээ. Ард Даатгалын IPO амжилттай болж, Ард Кредитын IPO болон Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэх ажил он дуусахаас өмнө хийгдсэнээр энэ тоо 8 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэж бид харж байна. Он гарахаас өмнө ТУЗ-өөр батлуулах хэд хэдэн шинэ хэлэлцээрүүд хийгдэж байгаа нь бидний үнэлгээнд эерэг нөлөө мөн үзүүлэх болно. БиДиОу Аудитаас манай 2017 оны үнэлгээг 59.6 тэрбум төгрөгөөр үнэлснийг энд дурьдах нь зүйтэй болов уу.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос Ард Даатгалын олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрлийг 8 дугаар сарын сүүлээр хүлээн авч 9 сардаа багтан AIC тикер дор анхдагч зах зээлийн арилжааг амжилттай явууллаа. Хэдийгээр Ард Даатгалын IPO төлөвлөгөөнөөсөө гурван сараар хоцорсон ч энэ IPO маш амжилттай болсон гэж бид дүгнэж байгаа - анхдагч зах зээлийн захиалга нь татан төвлөрүүлэх байсан 5.25 тэрбум төгрөгөөс 33 хувиар давж биелэн нийт 1,358 хүмүүс оролцлоо. Ингэснээр бид хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй даатгалын компани болсон байна. Ард Даатгалын хоёрдогч зах зээлийн арилжаа 10 сарын 1-нд албан ёсоор эхэллээ.

Ард Кредитын IPO хийх хүсэлтийг 9 сарын сүүлийн долоо хоногт МХБ, СЗХ-нд хүргүүлсэн ба бид олон нийтээс компанийн 25 хувь болох 4.90-5.95 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорин ажиллаж байна. Ард Даатгалын IPO амжилттай болсон нь Ард Кредитын IPO-нд эерэгээр нөлөөлөх ба Монгол Шуудантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, шинээр нэвтрүүлэх цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ нь том түлхэц болно гэж харж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл Жинст-Увс ХК-тай нэгдэх байдлаар (RTO) МХБ дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох хүсэлтээ 10 сард МХБ болон СЗХ-нд хүргүүлэхээр ажиллаж байна.

Ард Актив болон Ард Лайф нь Ард Кредиттэй нэгэн адил үндсэн банкны системийг нэвтрүүлж харилцагчдынхаа мэдээллийг нэгтгэлээ. Бид банкны үндсэн системийг амжилттай нэвтрүүлснээр цахим банк болох төлөвлөгөөгөө хурдасгаж байна гэж ойлгож болно. Мөн Ард Секюритиз нь харилцагчиддаа интернетээр үнэт цаасны данс нээх, хувьцаа захиалах боломжийг олгосон онлайн арилжааны платформыг нэвтрүүлэн туршиж эхэллээ.

Энэ жил бид ГөүПэй - төвлөрсөн бус крипто түрийвч, Digital Exchange Mongolia - Монголын анхны цахим арилжааны бирж, ЭмИСи Партнерс - онлайн худалдааны платформ зэрэг технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд финтек банк болох зорилгын хүрээнд он дуусахаас өмнө хэд хэдэн хэлцэл эцэслэхээр ажиллаж байна.

Дээрх компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Грэйп Сити Монголиа ХХК-ийн оролцоотойгоор нэгтгэх ажил энэ оны сүүл рүү эхэлнэ. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр гурван жилийн өмнө ТУЗ-өөс баталсан бизнес төлөвлөгөөний эхний үе болох цахим банкны цогц үйлчилгээг үзүүлж эхлэх юм. Бидний гүйцэтгэж буй ажлын үр дүн, маркетинг сурталчилгаа, шинэ бүтээгдэхүүний зах зээл дээрх өрсөлдөх чадвар нь бидний амжилтыг тодорхойлох болно. Манай баг дээрх ажлууд дээр бүрэн төвлөрч ажиллаж байгаа.

Ард Холдингсын Төлөөлөн Удирдах Зөвлөлд өөрчлөлт орж Л.Соронзонболд тодорхой шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж А.Сүхдорж хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж эхэллээ.

Хүндэтгэсэн,
Хутагт овогт Чулууны Ганхуяг
Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал

Зах зээлийн тойм

Эдийн засаг ба санхүүгийн зах зээл

Эдийн засаг болон санхүүгийн салбарын 3 дугаар улирлын үзүүлэлтүүд эерэг гарсан ба банкны хүүний түвшин буурч байгаа нь хөрөнгийн зах зээлд “шинэ” мөнгө орох урсгалыг нэмэгдүүлж байна.

Үндэсний Статистикийн Газраас гаргасан 3 дугаар улирлын нийгэм эдийн засгийн байдлын тайлангаас харахад мөнгөний нийлүүлэлт 2018 оны 9 дүгээр сарын эцэст 17.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 3.2 их наяд төгрөг буюу 21.4 хувиар өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 929.1 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 50.2 тэрбум төгрөг буюу 5.7 хувиар өссөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 9 сарын эцэст 16.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.9 их наяд төгрөг буюу 21.8 хувиар өсөв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж байна. Банкны системийн чанаргүй зээл 8.3 хувийг эзэлж 1.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 189.9 тэрбум төгрөг буюу 16.2 хувиар өсжээ.

Төгрөгийн доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2018 оны 9 сард 2,552.13 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар суларсан байна.

Хөрөнгийн зах зээл - Монголын Хөрөнгийн Бирж

3 дугаар улирлын эцэст Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ 2,347.48 тэрбум төгрөгт хүрч, энэ нь оны эхнээс 6.57 хувиар буурчээ.

2018 оны эхний 9 сард 437.7 сая ширхэг үнэт цаас буюу 221.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 1,000.0 тэрбум төгрөг буюу 82.5 хувиар буурсан байна. 145.9 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 485.5 тэрбум төгрөг буюу 76.9 хувиар буурчээ.

3 дугаар улиралд нийт арилжааны хэмжээ 28.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан байна. Анхдагч зах зээл дээр IPO-оор дамжуулан 16.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан байна. Хоёрдогч зах зээл дээр үнэт цаасны арилжаа 9.1 тэрбум төгрөг, засгийн газрын бонд 2.7 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ.

Компанийн хувьцааны өдрийн дундаж арилжаа 143.9 сая төгрөг болсон нь хөрөнгийн зах зээлд итгэх хүмүүсийн итгэл нэмэгдэж буйг харуулж байна.

Санхүүгийн гол үзүүлэлт

Gol uzuulelt Харьцаа үзүүлэлт

Haritsaa uzuulelt Үйл ажиллагааны тайлан

Монгол Шуудантай хамтарсан шинэ салбар

Ард Санхүүгийн Нэгдэл болон Монгол Шуудан анхны хамтарсан салбараа 6 сарын 29-нд Сэнтрал Тауэрын 1 давхарт шинээр нээв. Эрдэнэс Таван Толгой ХХК ногдол ашиг хуваарилах мэдэгдлээс үүдэн салбараар үйлчлүүлэх харилцагчдын тоо 9 дүгээр сард эрс нэмэгдэж, орж ирсэн харилцагчдад үнэт цаасны данс нээх болон Ард Даатгалын IPO-ийн талаар мэдээлэл өгч, хувьцааны захиалга авч ажиллаж байна.

Шинэ хөтөлбөр - Хувьцаатай хүүхэд

Үр хүүхэддээ урт хугацаат хөрөнгө оруулалт хийх боломжийг нээх зорилгоор бид Хувьцаатай Хүүхэд Хөтөлбөрийг 7 сараас эхлүүллээ. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг 100,000 төгрөг эсвэл түүнээс дээш дүнгээр худалдан авсан хүүхэд бүрт 10 ширхэг хувьцаа бэлэглэсэн болно. Энэхүү санаачлагын хүрээнд 300 орчим хүүхэд шинээр хувьцаа эзэмшигч болж үүнийг даган бусад борлуулалт, маркетинг идэвхжсэн ба гол нь ирээдүйн үнэнч үйлчлүүлэгчдийнхээ үндэс суурийг тавьж эхэлсэн юм.

Ард Секюритизийн онлайн арилжааны платформ - Данс нээх, интернетээр дамжуулан арилжаанд оролцох

Ард Секюритиз нь Дижитал Эксчейнж Монголиа ХХК буюу Трэйд.мн-ийн охин компани болох Стандарт Инвестмент брокер, диллер, андеррайтерын компанитай хамтран Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж болон клиринг банктай холбогдсон анхны онлайн арилжааны платформыг нэвтрүүлж чадлаа. Ингэснээр харилцагчид интернетээр үнэт цаасны данс нээх боломжтой болж байгаа бөгөөд Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс хувьцааны үлдэгдлээ шалгах болон анхдагч зах зээл дээр захиалга өгөх боломжтой болж байна. Дараагийн сайжруулалт хийгдсэнээр хоёрдогч зах зээл дээр арилжаа хийх, мөнгө татах үйл ажиллагаа хийгдэх боломжтой болно. Цаашид Ардын Түрийвчтэй энэхүү арилжааны платформоо холбох ажил хийгдэх болно.

Trade.mn

Дижитал Эксчэйнж Монголиа ХХК 2017 онд Монголын анхны цахим арилжааны бирж болох Trade.mn-ийг нэвтрүүлж, харилцагчдад төгрөгөөр цахим мөнгө авч, зарах боломжийг нээсэн. Ингэснээр блокчэйн дээр ERC-20-ыг тулгуурлан бүртгэл болон аюулгүй байдлын асуудлыг шийдсэн байна. Хэрэглэгчид Трэйд.мн-ийн апп болон вэбсайтаар дамжуулан өөрсдөө данс нээн арилжаа хийж цахим мөнгө авах зарах боломжтой юм.

Цаашид хэрэглэгчдэд илүү тохиромжтой, ашиглахад хялбар функц, системийг нэвтрүүлэхийн төлөө хөгжүүлэлтийг хийх болно.

Дижитал Эксчэйнж Монголиа ХХК-ийн 30 хувийг авахаар 7 сард “Хувьцаа худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурсан бол тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд өөрийн зүгээс 2 гишүүнийг томилон ажиллуулж байна. Ингэснээр Trade.mn нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалтын багцад шинээр нэмэгдлээ.

Mmarket.mn

9 сарын 28-нд Ард Санхүүгийн Нэгдэл, Монгол Шуудан, МЕС Партнерс хамтран интернет худалдааны үйлчилгээ явуулахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд бид Монгол Шуудантай хамтран МЕС Партнерсийн 50 хувьд хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Бид ойрын жилүүдэд Монгол Улсын дотоод худалдааны салбарт эзлэх интернет худалдааны хэмжээ 10 хувь буюу 1.5 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолж байна. Одоогоор интернет худалдааны хэмжээ нийт дотоодын худалдааны 0.02 хувьтай тэнцэж байна.

Монголд технологийн дэд бүтэц сайн хөгжсөн ба нийт хүн амын 87 хувь буюу 2.6 сая хүн интернетэд холбогдсон, 43 хувь буюу 1.3 сая хүн интернет хэрэглэдэг бөгөөд интернет хэрэглэгчдийн талаас дээш хувь нь гар утсаараа төлбөр төлөхийг илүүд үздэг байна. ММаркет нь интернет худалдаа эрхэлдэг байгууллагуудын хамгийн том асуудал болох ложистикийн асуудлыг Монгол Шуудангаар дамжуулан шийдэж, Ард Санхүүгийн Нэгдлээр гүйлгээ төлбөр тооцооны асуудлыг шийдсэнээр Монголын хамгийн том интернет худалдааны платформ болох боломжтой гэж бид үзэж байна.

GoLend - Биткойн барьцаалсан зээл

GoPay нь төвлөрсөн бус цахим түрийвч бөгөөд биткойн барьцаалсан зээлийн үйлчилгээг бид олон нийтэд танилцуулсан. Өнөөдрийн байдлаар тус компани нийт 11 удаа 7.45 сая төгрөгийн зээл гаргаж туршиж үзлээ. Түүнчлэн зээлийн үйлчилгээнээс гадна гар утасны аппликейшн дээр жижиглэн худалдааг бий болгох болон ашиглахад хялбар болгох шинэ функцуудыг хөгжүүлж байна. Мөн GoPay нь бидний үндсэн платформ болох Ард Апп-ийн дараагийн хувилбартай нэгдэх төлөвлөгөөтэй байна.

Ард Апп - Цахим банк

Ард Апп-ийн туршилтын хувилбарыг 4 сарын 28-нд хувьцаа эзэмшигчдийн хурал дээр танилцуулсан. Үүнээс хойш Ард Апп-д бүртгүүлсэн хэрэглэгч бүрт 10,000 төгрөгийн урамшуулал өгч ажиллаж байна.

Ардын Түрийвчний шинэ хувилбар 2019 оны 1 сард бэлэн болно гэж төлөвлөж байна. Эхлээд харилцагчид өөрсдийгөө бүртгүүлэх болон онлайн зээл авах системийг нэвтрүүлэх ба харилцагчид данс нээхэд иргэний үнэмлэхийн 2 талын зургийг авч явуулснаар баталгаажуулалт хийгдэх болно. Бид Ард Апп дээр бусад компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг үе шаттайгаар нэгтгэнэ.

Ард Лайф ба Ард Актив нь Ард Апп-ийн үндсэн банкны систем болох Поларис системд нэгдэж, Нэгдэл доторх компаниудын хэрэглэгчдийн мэдээлэл нэг болов. Ингэснээр хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүн санал болгох, хиймэл оюун ухаанд тулгуурлан өгөгдөлд дүн шинжилгээ хийж, бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцлөө сайжруулах боломжтой болно.

Eurogiro - Олон улсын мөнгөн гуйвуулга

Ард Кредит нь Монгол Шуудантай хамтран 60 гаруй шуудангийн компани, банк болон бусад төлбөр тооцооны байгууллагатай холбогдсон олон улсын төлбөрийн сүлжээ болох Еврожайротой өөрийн системийг нэгтгэх зорилгоор гэрээ байгууллаа. Еврожайрогоор дамжуулснаар гүйлгээ илүү найдвартай бөгөөд зардал багатай болно.

Ард Кредит нь SWIFT кодоо хүлээн авснаар туршилтын гуйвуулгыг хийж эхэлсэн болно. Туршилтаар бусад шуудангийн байгууллагаар мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд манай харилцагчид шуудангаар дамжуулан хаанаас ч мөнгө хүлээн авах боломжтой болно. Туршилтын шатанд гуйвуулгын хураамж нь банкны хураамжаас олон дахин бага байх ба туршилт амжилттай хэрэгжсэний дараа бусад хөгжингүй орнуудтай холбогдоно.

Санхүүгийн тайлан

Гүйцэтгэл

Нийт хөрөнгө 54.6 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны сүүлээс 5 тэрбум төгрөгөөр өссөн бол дансны авлага 1.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ өсөлтийн гол шалтгаан нь богино болон урт хугацааны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ 2.5 тэрбум төгрөгөөр өсч, олгосон зээлийн хэмжээ 2.5 тэрбум төгрөгөөс 7.0 тэрбум төгрөг болж өсчээ. Харин нийт өр төлбөр 1.6 тэрбум төгрөгөөр өсч 8.1 тэрбум төгрөг боллоо. Бид 800 сая төгрөгийн нэмэлт бонд гаргаж, өр төлбөрөө дахин санхүүжүүлэхээс гадна 1.6 тэрбум төгрөгийн урт хугацааны хямд өртөг бүхий зээл авсан байна. Түүнчлэн, 1 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулав.

Хөрөнгө болон өр төлбөрийн өсөлтийн зөрүү болох 3.5 тэрбум төгрөгөөр эздийн өмч нэмэгдэж хувьцаа эзэмшигчдийн өмч 46.6 тэрбум төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл эхний 3 улиралд цэвэр ашиг 1.5 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын үнэлгээний өсөлттэй холбоотой цэвэр орлого 2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал цэвэр ашиг 443 хувиар, хөрөнгө оруулалтын үнэлгээний өсөлттэй холбоотой орлого нь 400 хувиар тус тус өссөн байна. Эздийн өмч өссөнөөр компанийн үнэлгээ оны эхнээс 3.1 тэрбум төгрөгөөр өсч 47.6 тэрбум төгрөгт хүрэв. Өсөлтийн гол шалтгаан нь Ард Даатгалын IPO бөгөөд манай эзэмшлийн үнэлгээ 12.25 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсноор Ард Даатгалын үнэлгээ 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм. Охин компаниудын эзэмшиж буй Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг эргэлтэнд оруулснаас хойш нэгж хувьцааны үнэ 2,955 төгрөгөөс 4 хувиар буурч 2,830 төгрөг болжээ. Энэ оны төгсгөлд Ард Даатгал ба Ард Кредитын хувьцааны ханшийн өсөлтөөс шалтгаалан нэгж хувьцааны үнэлгээ 3,888 төгрөгт хүрч өснө гэсэн таамаглалтай байна.

Жинст-Увстай урвуу нэгдэл хийх Ард Санхүүгийн Нэгдлийн үнэлгээг BDO аудитаас авсан. BDO Аудит биднийг 2017 оны жилийн эцсээр 59.59 тэрбум төгрөг гэж үнэлсэн ба энэхүү үнэлгээнд цахим банкны хэлэлцээрүүд тусгагдаагүй болно.

Санхүүжилт

Ард Секюритизээр дамжуулан нийт 4 тэрбум төгрөгийн дүнтэй хоёр төрлийн бонд гаргасан билээ. Хоёр бондын ялгаа нь дуусах хугацаа болон купоны төлбөр юм – 12 сарын хугацаатай бондын купон бодлогын хүү дээр нэмэх 6.5 хувь, 24 сарын хугацаатай бондын купон бодлогын хүү дээр нэмэх 7.0 хувь байна. Бондын хүүг улирал тутамд төлж байна.

Дээрх бондууд нь хөрвөх нөхцөлтэй ба бонд эзэмшигч нь 2018 оны 12 сарын 31-нээс өмнө Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаанд хөрвүүлэх сонголттой юм. Хөрвүүлэхдээ тухайн үеийн ханшнаас үл хамааран Ард Санхүүгийн Нэгдлийн нэгж хувьцааг 3,000 төгрөгөөр үнэлэх замаар хөрвүүлнэ.

Нэг сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгийн бондын борлуулалт хийж, түүгээр үйл ажиллагаагаа санхүүжүүлэх болон ХХБ-ийн зээлийн эргэн төлөлтийг хийв.

Хөрөнгө оруулалт

3 дугаар улиралд, ТэнГэр Системсд нэмэлт хөрөнгө оруулалт хийж Дижитал Эксчэйнж Монголиа ХХК-ийн 30 хувийг худалдан авав. Мөн Ард Секюритиз андерайтерээр ажилласан Нэт Капиталын богино хугацаат бондод 300 сая төгрөгийг байршуулав. ЭмИСи Партнерс компанид хөрөнгө оруулалтыг мөн хийхээр болов.

Арилжаа

Үндэсний баяр наадмаас хойш хөрөнгийн зах зээл өмнөх улиралтай харьцуулахад идэвх сул байсан. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны нийт борлуулалт 301.3 сая төгрөг буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар өссөн боловч 2 дугаар улиралтай харьцуулахад 52 хувиар буурсан байна. Нэгж хувьцааны борлуулалтын дундаж үнэ 2,742 төгрөг байсан бол нэг өдрийн борлуулалтын дундаж хэмжээ 5 сая төгрөгт хүрэв.

3 дугаар улиралд Монгол Шуудангийн хувьцаа нийт 37 өдөр арилжаалагдаж, нэгж хувьцааны ханш хамгийн ихдээ 620 төгрөг, хамгийн багадаа 540 төгрөг болов. MNP 3 дугаар улирлын эцэст 541.12 төгрөгт хүрч 5.89 хувиар буурсан ба нэг өдрийн арилжааны дундаж хэмжээ 9.65 сая төгрөг байв. Мөн 3 дугаар улиралд Луна энд Лунагийн блок арилжаа гүйцэтгэгдсэн.

Жинст-Увс 3 дугаар улиралд 12 хувиар өссөн байна. Арилжаа 1,490 төгрөгөөр нээгдэж, 3 дугаар улирлын эцэст 1,670 төгрөг дээр хаагдав. Улирлын туршид хэлбэлзэл нь 1,400 төгрөгөөс 1,750 төгрөг байсан. Нэг өдрийн арилжааны дундаж хэмжээ 3.57 сая төгрөг байв.

Хувьцаа эзэмшигчдийн бүтэц

huvi ezem Үнэлгээ

unelgee Тооцооллын таамаглал

(1) 2018 оны 4-р улиралд Хөрөнгө Оруулагч Үндэстэн Ард Санхүүгийн Нэгдэлтэй нэгдэх ба Ард Санхүүгийн Нэгдлийн эзэмшиж байгаа Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцааг халааслахгүйн тулд нэгдэхээс өмнө худалдахаар байна.

(2) Жилийн эцэст Ард Даатгалын хувьцааны ханш нь 1,200 төгрөгт хүрэх таамаглалтай байгаа бөгөөд BDO аудитын үнэлгээний дүн болох 1,164 төгрөгөөс бага зэрэг өсөх төлөвтэй байна.

(3) 2018 оны 4-р улиралд Ард Кредитын IPO-г хийхээр төлөвлөж байна. Жилийн эцэст BDO-ийн үнэлгээгээр нэгж хувьцааны үнэ 85 төгрөг байхаар байна.

Баланс

balance Орлогын тайлан

orlogo Хувьцааны борлуулалт

huvitsaanii borluulalt Арилжааны статистик - Ард Санхүүгийн Нэгдэл

Хувьцаа эргүүлэн худалдан авах

Huvitsaa erguulen Сарын цэвэр борлуулалт

tsever Хувьцаа эргүүлэн худалдан авах

erguulen3 Арилжааны статистик - Охин компаниуд

3-р улирлын арилжааны тойм

ohin MNP - Хувьцааны үнэ

mp JIV - Хувьцааны үнэ

jiv

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-AIC (05480) Ард Даатгал ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа