by

GOPAY АПП БИТКОЙН БАРЬЦААЛАН ЗЭЭЛ ОЛГОНО 2018-04-28

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл нь өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад криптовалют, блокчэйн технологийг нутагшуулах ажлыг идэвхтэй хийж байгаа анхдагчдын нэг юм. Бид олон нийтэд криптовалют, блокчэйны суурь мэдлэг олгох зорилгоор “Цахим алт” номыг гаргасан билээ. Манай хамт олон 2017 оны 12 сард энэхүү шинэ технологийг сонирхогч 1,300 гаруй оролцогчдыг хамруулсан КриптоҮндэстэн олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахад ГХЯ, УИХ-ын гишүүд оролцож блокчэйн технологийг Монголд хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Бид АНУ-аас гаралтай Xapo биткойн хэтэвчийг албан ёсны эрхтэйгээр зах зээлд нэвтрүүлж, монгол төгрөгөөр арилжаа хийх боломжийг нээсэн билээ. Түүнчлэн, криптовалют, түүний олборлолтод хөрөнгө оруулах сонирхолтой иргэдийн хүсэлтийг үндэслэн КриптоҮндэстэн хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулж 3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд өнгөрсөн сард анхны ногдол ашгаа хуваарилаад байна.

Энэ удаад Ард Холдингс ухаалаг гар утсанд зориулсан, эх хэлээрээ ашиглах боломжтой, үндэсний шинэ бүтээл болох криптовалютын хэтэвч бүхий аппликэйшнийг зах зээлд анхлан нэвтрүүлээд байна. Ард Санхүүгийн Нэгдэл нь GoPay нэртэй уг аппликэйшнийг зохион бүтээгч, хөгжүүлэгч монголын энтрепренёруудтай хамтарсан компани байгуулан ажиллаж байгаа юм. Та энэхүү дижитал хэтэвчээр дамжуулан криптовалют авах, зарах, бэлэглэх, хэрэглээгээ хянах, олон улсын зах зээл дээр арилжаанд оролцох, бусдад шилжүүлэх, бусдаас хүлээн авах зэрэг үйлчилгээг авч болно. Энэ сарын 28-нд “Туушин” зочид буудалд болсон Ард Санхүүгийн Нэгдлийн нээлттэй хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр уг бүтээгдэхүүний нээлт хуран цугласан иргэдийн дунд жинхэнэ тэсрэлт болж чадлаа.

GoPay аппликэйшнийг үүсгэн байгуулагч, хамтарсан компанийн гүйцэтгэх захирал Г.Итгэл “Голлох криптовалют болох биткойны ханш оргил үетэйгээ харьцуулахад тодорхой хэмжээнд уналттай байгаа энэ үед Монголд анх удаа хэрэглэгчид Биткойноо барьцаалан блокчэйн технологи дээр суурилсан зээлийн үйлчилгээг GoPay аппликэйшнээр дамжуулан авах боломжийг олгож байгаадаа бид баяртай байна” хэмээн үгүүлэв.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, ТэнГэр Системс, ГөүПей, Номын Хишиг, Жинст Увс зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 77073322, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: ardholdings.com