by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 2021 ОНЫ УРЬДЧИЛСАН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА 2022-02-16

photo_2022-03-03_17-44-22Ард Санхүүгийн Нэгдлээс 2021 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа 2 сарын 15-нд танилцууллаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилготой манай компанийн хувьд өнгөрсөн 1 жилийн хугацаанд охин компаниуд болон ажиллагсад, хувьцаа эзэмшигчдийн тоо хэд дахин нэмэгдсэн түүхэн жил болж өнгөрлөө.

Үйл ажиллагааны тайлан

Хөрөнгө оруулалтын аян

Ард Санхүүгийн Нэгдэл нь олон нийтийг хөрөнгийн зах зээлд татан оруулах, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд Хөрөнгө оруулалтын аян - I, II, III, IV аянуудыг амжилттай зохион байгууллаа. Тус аяны хүрээнд хөрөнгө оруулагчид Ард Санхүүгийн Нэгдэл, түүний хамааралтай компаниудын хувьцааны багцыг худалдаж авснаар АрдКойн эзэмших эрхтэйгээрээ онцлог байв. 

Ирээдүйдээ хөрөнгө оруулах сонирхолтой олон мянган Монголчууд аянд нэгдэж, нийт 15,560 хөрөнгө оруулагчдаас 13 тэрбум төгрөгийг босгож чадав. 

Ард Аппликэйшны (Аппын) шинэ хувилбар

Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан Ард Аппын 4 дэх хувилбарыг танилцуулав. 

ACH+ (Автомат Клиринг Хаус) буюу банк хоорондын төлбөр тооцооны шууд системд нэгдсэнтэй холбоотойгоор банк хооронд гүйлгээ хийхдээ харилцах дансны дугаараа шууд хуулж оруулан, Ард Аппаа цэнэглэхэд илүү хялбар болсон нь энэ удаагийн шинэчлэлийн онцлог байв. Ингэснээр Аппаа цэнэглэхэд тулгардаг байсан системийн саатлыг бүрэн шийдэж чадсан юм. 

Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг Ард Аппаас авахад хурдан, хялбар, олон боломжийг багтааснаас гадна интернэт, гурвалсан кабель, цахилгаан, ус дулаан зэрэг хэрэглээний төлбөрүүдийг Аппаараа төлөх боломжууд нэмэгдлээ.

Гадаслах хөтөлбөр

Ард Санхүүгийн Нэгдлээс жилийн турш олон хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсний нэг нь Гадаслах хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцдог жолооч нар элэгдсэн, хуучин автомашинаа аюулгүй, стандартад нийцсэн шинэ автомашин болгох боломжийг санал болгосон юм. Зам, тээврийн ослын тодорхой хувийг эзэлдэг буруу хүрдтэй, олон жилийн эдэлгээтэй автомашиныг "гадаслах" буюу хэрэглээнээс халах зорилготой тус хөтөлбөрийн нөхцөл уян хатан байснаараа олон нийтийн сонирхлыг ихээхэн татсан. Автомашинтай болон автомашингүй хэн бүхэн хөтөлбөрт оролцох, шинэ автомашин авсан хэрэглэгч 2-3 жилийн дараа машинаа дахин шинэчлэх, үнэ төлбөргүй сервис үйлчилгээнд хамрагдах зэрэг олон давуу талтай хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Монголын хамгийн том ХАСҮ сан

Хүчтэй Ардын Сайн Үйлс буюу ХАСҮ санг Ард Санхүүгийн Нэгдлээс үүсгэн байгуулж, энэ жилээс үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг шаардлагатай зорилтот бүлгийнхэнд туслах Монголын хамгийн том сайн үйлсийн санг бий болгох зорилготой юм. 

Тус Сан нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудаас хандиваар нэгтгэсэн 500,000,000 АрдКойны хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Сангийн үйл ажиллагаа нь санхүүгийн боловсрол, шинэ технологи, инноваци, ногоон хөгжил, байгаль орчин, хүүхэд, урлаг, спортын чиглэлийн төсөл санаачилгуудыг дэмжин ажиллана. 

Хэвлэл мэдээллийн салбарын анхны нээлттэй хувьцаат компани ТэнГэрЛиг Медиа Нэгдэл 

Хэвлэл, мэдээллийн салбарт цахиур хагалан гарч ирж буй ТэнГэрЛиг Медиа Нэгдэл нь Ард Санхүүгийн Нэгдлийн 2021 оны томоохон ажил байв. Монголын хэвлэл, мэдээллийн салбарын анхны олон нийтийн буюу хувьцаат компани болох зорилготой тус медиа нэгдэлд Монгол ТВ, Ори Медиа, Промедиа Нетворк буюу VTV телевиз, Unread Media зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нэгдэж, хувьцаат компанийн үүдийг нээв. Ингэснээр, Ард Санхүүгийн Нэгдлээс хэвлэл, мэдээллийн салбарт хийсэн энэхүү хөрөнгө оруулалт зах зээл дээр 120 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгааг дуулгахад таатай байна. 

ТэнГэрЛиг Медиа Нэгдэл нь хэвлэл, мэдээллийн салбарт олон нийтийн нээлттэй хувьцаат компани байгуулснаар санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, эцсийн үр дүнд хараат бус, нэгдмэл редакцын бодлоготой хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгох, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж шилдэг контэнт бүтээх зорилготой юм.

Улаанбаатар Үнэт Цаасны Биржийг танилцууллаа

Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Экс компани Монголын Үнэт Цаасны Бирж хувьцаат компанид стратегийн хөрөнгө оруулалт хийж, дэлхийн улс орнуудад байдаг жишгийг дагаж, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж гэж төрөлх хотоороо нэрлэсэн шинэ брэндийнхээ үйл ажиллагааг эхлүүлэв. 

Ингэснээр, Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжлийн шинэ түвшинд гаргах, хөгжүүлэх шинэ гарц нээгдэж байгаа юм. Тус бирж нь арилжаа эрхлэх болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх хоёр тусгай зөвшөөрлийг нэг дор эзэмшдгээрээ онцлог ба үүгээрээ дамжуулан  зардал багатай, үр ашигтай дэд бүтцийг цогцлоон,  хөрөнгийн зах зээлийн оролцогчдод олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээгээр тасралтгүй ханган, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогч, зуучлагч үнэт цаасны компани, хөрөнгийн зах зээлийг анхлан сонирхогч хэн бүхэнд цаг үеийн үнэн бодит дата, статистик мэдээ мэдээллийг тогтмол хүргэж эхлээд байна.

АрдКидс аппликэйшныг нэвтрүүлэв

Хүүхдийн санхүүгийн боловсролд зориулан, санхүүгийн үйлчилгээг гар утаснаасаа авч болох Монголын анхны хүүхдийн санхүүгийн Апп АрдКидсыг нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар 23 мянган хүүхэд тус Аппыг ашиглаж байгаа тоон мэдээлэл байна. Ард Аппын ирээдүйн хэрэглэгч болох хүүхдүүд рүү чиглэсэн  томоохон хөрөнгө оруулалт болж чадсаныг олон мянган эцэг эхчүүд онцолсоор байна. 

Ард Санхүүгийн Нэгдлээс Монголын ирээдүй хойч үед хандсан төслүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Хувьцаатай хүүхэд хөтөлбөр билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Ард, түүний охин компаниудын хувьцааг эзэмшсэний урамшуулалд АрдКойн бэлэглэдгээрээ тэдний ирээдүйг улам баталгаажуулахад чухал нөлөө үзүүлж байгаа юм.

Хүүхэд бүрт 77 АрдКойн

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын нэг хэсэг Хүүхэд бүрт 77 АрдКойн хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. 18 нас хүртэлх хүүхэд бүрт 77 АрдКойныг олгосноороохүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох буюу виртуал хөрөнгө, хөрөнгө оруулалтын талаар ойлголт өгөх, түүгээр дамжуулан ирээдүйг нь баталгаажуулах чухал төсөл байв.

АрдМааний

Ард Санхүүгийн Нэгдлээс 2021 оны 7 сард танилцуулсан шинэ бүтээгдэхүүн бол АрдМааний байв.  

АрдКойн анх зах зээлд нэг төгрөгөөр гарч байсан бол оргил үедээ 470 төгрөгт хүрсэн. Анх нэг, хоёр төгрөгтэй тэнцэж байхад нь худалдаж авсан хүмүүс оруулсан хөрөнгөө 470 дахин өсгөсөн явдал юм. 

Өсдөг Машин

Автомашины үнэлгээ жил бүр буурна уу гэхээс өсдөггүй. Харин Ард Санхүүгийн Нэгдлээс хэрэгжүүлсэн Өсдөг Машин төсөл таны унаж буй автомашины үнэлгээг жил ирэх тусам өсөх боломжийг олгосон. Унаж яваа автомашинаараа хөрөнгө оруулалт хийгээд ирээдүйн хөрөнгөө баталгаажуулах, цаашлаад өсгөх боломжтой. 

Өөрөөр хэлбэл, унаж яваа автомашиныхаа үнэлгээнд дүйцэхүйц хэмжээний АрдКойн болон Ардын хувьцаануудад хөрөнгө оруулна. Тэд таны хөрөнгө оруулалтыг түгжих бөгөөд жил болгон үе шатлалтайгаар 20 хувийг суллах юм.

Альфа урамшуулал

Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан, өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж буй Монголын хамгийн том шагналын сантай ээлжит хөтөлбөр Альфа урамшуулал байв. Ардын бүтээгдэхүүн, үйлчилгээг авсан харилцагчдад урамшууллын эрх олгогдохоос гадна өөрийн хүслээр Альфа урамшууллын сугалааг худалдаж аван, уралдаанд оролцох боломжийг нээснээрээ онцлогтой.

Өнгөрсөн хугацаанд сар бүр Lada Vesta автомашин, 1 бүхэл Этэриум, 3 сая төгрөгтэй тэнцэх AARD хувьцааны эздийг тодруулж ирсэн бол хугацааны эцэст буюу 2022 оны 3 сарын 28-нд супер шагналын эзэн тодорно. Супер шагналын эзэд Ланд300, 1 бүхэл Биткойн, 100,000,000 төгрөгийн хувьцааг эзэмших юм.

Хөрөнгө оруулалт, хэлцлүүд

Ард Санхүүгийн Нэгдлээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд 244 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Тодруулбал, платформ болон мэдээлэл технологийн салбарт "ГрэйпСити Монгол", "Мост Финтек", "Дайверс Солюшнс" компани болон өөрийн охин компани болох "Ард Шоп"-д хөрөнгө оруулжээ. Түүнээс гадна "IDAX" платформыг шинээр нэвтрүүлснийг онцолж байна.

Ард Лайф компани нэрээ Ардын Тэтгэврийн Данс болгож тэтгэврийн дагнасан үйл ажиллага явуулж эхлэв. 

Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр өнгөрсөн жилээс эхлэн Ард Пропертиз, Ард Лизинг  компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн тухай Ард Санхүүгийн Нэгдлийн  Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг болон Маркетинг Эрхэлсэн Захирал, Ард Холдингс Интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Бархас нар танилцуулсан юм.

Санхүүгийн тайлан

Орлого ба зардал

Ард Санхүүгийн Нэгдэл өнгөрсөн 2021 онд 25 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлсэн нь 2020 онтой харьцуулахад 8.2 дахин өссөн үзүүлэлт юм. Компаниудын үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбоотой зардал ч мөн 2021 онд нэмэгдэж, 2020 онтой харьцуулахад 3 дахин их буюу 23 тэрбумын зардал гаргажээ. Зардлыг ангилж харвал, санхүүгийн зардал 14.5 хувиар, хүний нөөцийн зардал 8.3 хувиар өссөн бол үйл ажиллагааны зардал 2.6 дахин өссөн байна. Мэргэжлийн үйлчилгээнд өнгөрсөн нэг жил 11 тэрбум төгрөг гаргасан нь Ард Апп болон блокчейн дээр хөгжүүлэлтэнд оруулж байгаа зардал бөгөөд цаашид хөрөнгө болон капиталжих боломжтой зардал юм.

Ингэснээр татварын өмнөх ашиг 1.8 тэрбум буюу 2020 онтой харьцуулахад 1.4 дахин өссөн байна. Татварын зардлуудаа хассанаар 1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Хувьцааны арилжаа

Монголын Хөрөнгийн Бирж дээр өнгөрсөн онд хийгдсэн нийт арилжааны хамгийн өндөр өсөлт болон идэвх үзүүлсэн байдлаараа Ард Санхүүгийн Нэгдлийн компаниуд тэргүүлэв. Ард Даатгал (AIC), Ард Кредит (ADB), Үндэсний Хувьчлаын Сан (XOC), Монгол Шуудан (MNP), Булган Ундрага (BUN), ТэнГэрЛиг Медиа Групп (TNGR) компаниудын хувьцаа 2021 онд хамгийн багадаа ханшийн хувьд 165 хувиар өссөн бол арилжаалагдсан хэмжээний хувьд тус бүр 30-52 хувийн эргэлттэй байлаа. Хөрөнгийн биржийн ТОП-20 жагсаалтын эргэлтийн дундаж хувь 8.8 хувь байсантай харьцуулбал Ардын компаниуд хамгийн эрэлттэй, хөрвөх чадвар өндөртэй хувьцаа байв. 

Хувьцаа эзэмшигчдийн тоо

2021 онд Ардаар овоглодог компаниуд давхардсан тоогоор нийт 63 мянган хувьцаа эзэмшигчдийг нэгтгэж, Монголын Хөрөнгийн Бирж рүү татан оруулж чадсанаар Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгодоо ойртлоо.