Крипто Үндэстэн Сан нь 2020 оны 12 сард үйл ажиллагаагаа өргөжүүлэх, илүү олон хөрөнгө оруулагчдад хүрэх зорилгоор нээлттэй хувьцаат компани болохоор шийдвэрлэж, Булган-Ундрага компанитай урвуу нэгдэл хийсэн.
Булган-Ундрага ХК 2021 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаараа компанийн нэрийг өөрчлөх тухайд 100% санал нэгдсэнийг Санхүүгийн Зохицуулах Хороо хүлээн авч, зөвшөөрснөөр цаашид Крипто Үндэстэн ХК нэрээр үйл ажиллагаагаа явуулах боллоо.
Крипто Үндэстэн ХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь криптод суурилсан хөрөнгө оруулалт буюу криптовалютын зах зээлийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр багцаа бүрдүүлж, хөрөнгөө өсгөх замаар хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Криптовалютад хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын сан (ETF), нээлттэй хувьцаат компани дэлхийн хэмжээнд маш ховор байдаг бол Крипто Үндэстэн нь Монголчууддаа криптовалютад хөрөнгө оруулалт хийх, хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах боломжийг нээж өгч байна.
Крипто Үндэстэн Сангийн түүхээс хуваалцвал..
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт нь 2017 онд Крипто Үндэстэн нэрэн дор зохион байгуулагдсан. Чуулганд оролцогчдын санаачилагаар Ард Санхүүгийн Нэгдэл криптовалютад хөрөнгө оруулалт хийж, удирдлагаар хангах Крипто Үндэстэн ХХК-ийг үүсгэн байгуулж, давуу эрхийн хувьцаагаар нийт 158 хөрөнгө оруулагчийг оруулсан юм.
Крипто Үндэстэн Сан үүсгэн байгуулагдах үед ид өсч Биткойн 19,000 долларт хүрч байсан бол түүнээс хойш 3 жилийн хугацаанд криптовалютын зах зээл маш их савласан бөгөөд Биткойн хоёр ч удаа 3 мянга руу унасан юм. Хувиараа Биткойн болон криптовалютад хөрөнгө оруулсан хүмүүс ихээр алдагдал хүлээж байсан энэ хугацаанд Ард Санхүүгийн Нэгдлийн баг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан Крипто Үндэстэн Сангийн хөрөнгө оруулагчид нийт 110.7 хувийн ашиг хүртэж, мөн 3 жилийн хугацаанд нийт 24.8 Биткойныг хувь тэнцүүлж хүртсэн байна.