by

Ардын Мэдэгдэл  2023-02-02

photo_2023-02-02_12-35-27

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард гэх)-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд урамшууллаар олгогдож ирсэн АрдКойны талаар нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл гарч байгаад компанийн зүгээс хариу тайлбар мэдэгдэл хүргүүлж байгааг хүлээн авна уу. 

АрдКойн нь Монголын анхны блокчэйн технологид суурилсан урамшууллын оноо бөгөөд хөрөнгө татан төвлөрүүлэх бус Ардын хувьцаа эзэмшигч, харилцагчдад үнэгүй тараах байдлаар 2019 оны эхнээс зах зээлд нэвтэрсэн криптовалют юм.

АрдКойнтой холбоотой тоон мэдээллээс:

  • Анх 5.15 тэрбум АрдКойны 20 хувийг Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдэд хувь тэнцүүлсэн урамшууллаар олгосон. 
  • 2019 оны 1 дүгээр сараас эхлэн АрдКойны зах зээлийн ханшийг 1 төгрөгөөр тооцон бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулалд олгож эхэлсэн.
  • Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1 сая гаруй харилцагчдадаа 4.6 сая удаагийн гүйлгээгээр 3 тэрбум гаруй АрдКойныг урамшууллаар олгосон. 
  • Өнгөрсөн хугацаанд 1.4 тэрбум орчим АрдКойныг 43 тэрбум төгрөгөөр татан авч, 353 саяыг эргэлтээс гаргаж, шатааснаар өнөөдөр 4.8 тэрбум АрдКойн эргэлтэд үлдсэн.
  • 2022 оны эцсийн байдлаар 543 мянган АрдКойн эзэмшигчтэй байна. 

Ард нь Монгол Улсын хууль журмын хүрээнд нийт 44 тусгай зөвшөөрөлтэй 45 компанид хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байна. Ардын нийт компаниудын хувьд удирдлага, засаглал, хяналтын тогтолцоог олон улсын тэргүүний жишгийн дагуу бүрдүүлж ажилладаг. Бид Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд нэгдлийн хэмжээнд 100 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Ардын хувьцаат компаниуд жил бүр олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлангийн хөндлөнгийн аудитаар дүн шинжилгээ хийлгэж, холбогдох зохицуулагч байгууллагуудын нарийн хараа хяналт дор үйл ажиллагаа явуулж ирсэн нэгдэл компани юм.

Ардын үйл ажиллагаа хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдад туйлын нээлттэй явдгийн адилаар АрдКойн төсөл ч мөн адил үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тооцоо бүртгэл, цаашдын төлөвлөгөөгөө нээлттэй тайлагнан ажиллаж ирсэн. АрдКойны үндсэн бирж болох idax нь Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгчийн тухай хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооны холбогдох журмын хүрээнд бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж байна. 

АрдКойн төслийн баг виртуал хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн стандарт, хууль эрхзүйн болон зохицуулалтын орчныг сайжруулахад идэвх зүтгэл гарган оролцож ирсэн. Өнгөрсөн хугацаанд цахим орчинд гарсан элдэв залилан, луйврыг таслан зогсоох тал дээр хууль хүчний холбогдох албадтай нягт холбоотой хамтран ажилласаар ирсэн. 

Үйл ажиллагаа, тайлангаа тогтмол ил тод мэдээлж ирсэн АрдКойныг олон нийтээс мөнгө татан төвлөрүүлсэн, луйвар залилан хийсэн мэтээр зарим сувгаар буруу мэдээлж байгаа нь олон түмнийг төөрөгдөлд оруулж, Ардын олон зуун мянган хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, АрдКойн эзэмшигчдийг эргэлзүүлэх эрсдэлтэй гэж үзэн бид энэхүү тайлбар мэдэгдлийг та бүхэнд хүргүүлж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл

Хүчтэй. Хамтдаа. 

Ард Санхүүгийн Нэгдэл болон АрдКойны талаар мэдээллийг ardholdings.com болон бусад холбогдох вэбсайт, сошиал хаягаас аваарай.

Бидэнтэй холбогдох: 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: admin@ardcoin.com
Вэбсайт: ardcoin.com