by

Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Х.Билгүүн томилогдлоо 2022-07-22

bilguun

Компанийн 7 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх заалтыг үндэслэн, Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Энхсайхан овогтой Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлж Ард Кредит ББСБ ХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирал Хүрэлбаатар овогтой Билгүүнийг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар томилох шийдвэрийг гаргалаа.

Х.Билгүүн нь МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд Олон улсын эдийн засгийн онол мэргэжлээр Бакалавр, Эдийн засгийн онол мэргэжлээр Магистр, Их Британийн засгийн газрын Чевенингийн тэтгэлгээр Гласговын Их сургуулийн Адам Смит Бизнесийн сургуульд Санхүүгийн таамаглал ба Хөрөнгө оруулалт мэргэжлээр Магистрын зэргийг тус тус хамгаалсан. Мөн Виржиниагийн их сургууль, Олон Улсын Валютын Сан, НҮБ, Лондонгийн Бизнесийн Их Сургууль, Империал Коллеж Лондон, Азербайжаны Хазарын Их сургууль, Хаус оф Трэйнинг, Блүүмберг зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн нийт 40 орчим богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэшсэн юм.

Тэрээр Сангийн яаманд хэрэгждэг Дэлхийн банкны төслийн зөвлөх, Санхүүгийн Зохицуулах Хороонд Үнэт цаасны газар болон Мөнгө угаахтай тэмцэх албанд Ахлах Референт, МөнхБумууд ХХК-д Санхүү эрхэлсэн захирал зэрэг Төрийн болон Хувийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан. Энэ хугацаандаа Монгол улсын төсвийн нэгтгэл боловсруулах, түүнд холбогдох тооцоо судалгаа хийх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг хуулиуд, холбогдох дүрэм журмын өөрчлөлтүүдэд санал боловсруулж, хэрэгжилтийг хангуулж ажилласан туршлагатай.

Х.Билгүүн нь Ард Секюритиз ҮЦК ХХК хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэн, компанийг алсын хараа, стратеги, төлөвлөгөөндөө хүрч ажиллахад ТУЗ-ийн багийн хамтаар Гүйцэтгэх удирдлагыг чиглүүлж ажиллах юм.

Ард Секюритиз ҮЦК ХХК нь 1997 онд анх байгуулагдсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих ёсны зөвшөөрлүүдийн дагуу брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэт санхүүгийн зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын ууган компаниудын нэг юм. Ард Секюритиз ҮЦК ХХК нь 150 мянга гаруй иргэдэд үнэт цаасны арилжаанд оролцох данс нээж, 20 гаруй аж ахуй нэгжид 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт босгох болон нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд зуучлагчаар оролцоод байна.

Ард Секюритиз ҮЦК ХХК нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлох олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк болох эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.