Улаанбаатар хот, Монгол Улс, 2022 оны 8 сарын 1- Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар Н.Батдорж томилогдлоо. Тэрээр компанийн санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдаж, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, харилцагчдын хуримтлалыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, үр өгөөжийг зохистой хэмжээнд хүргэж ажиллана.
Н.Батдорж нь банк, санхүүгийн салбарт 11 жил ажилласан туршлагатай бөгөөд ажлын гараагаа Сангийн Яамны зээл тусламж, бодлого, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Хөрөнгийн бирж, Хадгаламжийн даатгалын корпорацид Дэлхийн банкны төслийн зөвлөх, Төрийн банкны Дотоод аудитын газрын захирал, Талст бласт консалтинг ХХК-д Санхүү хариуцсан дэд захирлаар ажилласан туршлагатай.
Компанийн зүгээс нийгмийн бодлогын хүрээнд “Тэтгэврийн шинэчлэл”-тэй холбогдуулан хувь хүний тэтгэврийн хуримтлалыг бий болгож, олон тулгуурт тогтолцоо руу шилжсэнээр давуу талуудыг бий болгохын төлөө ажилладаг. Уг ажлыг олон улсын туршлагад үндэслэн, хөрөнгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх тал дээр анхаарч, өгөөжийг ахиулж, үйл ажиллагааг дараагийн шатанд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Ардын Тэтгэврийн Данс компани нь 2007 оноос хойш иргэд болон байгууллагын ажиллагсдад тэтгэврийн хуримтлал үүсгэж, харилцагчдынхаа хуримтлалыг хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн эргэлтэд оруулснаар өндөр өгөөж хүртээж ажилладаг билээ. Харин 2019 оноос эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээтэй хослуулсан тэтгэврийн хуримтлалыг санал болгож, иргэдэд хуримтлал нь өсөх явцад эрүүл мэнддээ санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлэн ажилласнаар өдгөө нийт 140,000 гаруй харилцагчтай болж, иргэд, байгууллагын ажиллагсдын хуримтлалыг амжилттай удирдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ардын Тэтгэврийн Данс ХХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7707-8282(3)
И-мэйл хаяг: info@ardpension.com
Вэбсайт: Ardpension.com