7 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан ээлжит хурлаар Чулууны Ганхуяг ТУЗ-өөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу уг асуудлыг хурлаар шийдвэрлэж, чөлөөлөх шийдвэр гарсан бөгөөд 2013 оноос хойш компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Одончимэдийн Одбаярыг ТУЗ-ийн даргаар томилох шийдвэрийг гаргалаа.
Ч.Ганхуяг нь 2013 оноос эхлэн Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан бөгөөд энэ хугацаанд Ард Даатгалын хувьд санхүү, бизнес үйл ажиллагааны хувьд өсөлтийн жилүүд байсан төдийгүй хөгжлийн дараагийн шатандаа гарч ажилласан байна. Мөн 2018 онд олон нийтэд нээлттэйгээр хувьцаагаа санал болгон амжилттай олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэн даатгалын салбарт анхдагч хувьцаат компани болон өргөжиж 10,000 орчим хувьцаа эзэмшигчтэй томоохон даатгалын компани болсон байна.
Ард Даатгал компани 2022 оны эхний хагас жилийн байдлаар хураамжийн орлого 11 тэрбум төгрөгт хүрч өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 50 орчим хувийн өсөлттэй байсан бол 3,954 даатгуулагчид 4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бөгөөд 315 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нийт хөрөнгө 36 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн өнгөрсөн жилийн цэвэр ашигаас 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэрийн дагуу 7 сард хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор ажиллаж байна.