
Үйл ажиллагааны тайлан
Анхны Медиа Нэгдэл компани байгуулагдав
Монголын медиа салбарын анхны олон нийтийн буюу хувьцаат компани болох зорилготой ТэнГэрЛиг Медиа Нэгдэл (Нэгдэл) байгуулагдсан талаар тус компанийн удирдлага 7 сард зарласан билээ. Уг Нэгдэл нь “Монгол HD” телевиз, “Промедиа Нетворк” буюу VTV телевиз, “Unread Media” гэсэн 3 компанийн нэгдлийн үр дүнд байгуулагдсан билээ. “VTV” телевиз нь 2021 оны IV улиралд өнгө төрх, контент бодлогын хувьд бүрэн шинэчлэгдэн, албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байна. Харин “Монгол HD”-ын хувьд контэнт үйлдвэрлэлийн салбарыг олон улсын жишигт хүргэх зорилгынхоо хүрээнд “ORI Studios” төслийг хэрэгжүүлж, контэнт бүтээхэд бүхий л оролцогч талуудыг нэгтгэсэн цогц “хаб”-ыг 2022 онд ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа юм.
Ард Санхүүгийн Нэгдэл нь цахим спортын Zeus багийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна
Ард Санхүүгийн Нэгдэл нь цахим спортын Zeus багийг ивээн тэтгэж, эрин зууны спорт гэгдэх цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь цахим спортыг сонирхдог олон мянган залууст итгэл найдвар бэлэглэж, дэлхийн дэвжээнд эх орноо сурталчлах дэвшилтэт салбарт хөрөнгө оруулж буйгаараа жишиг болж байна. Монголын залуус ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, тухайлбал Zeus баг үндэсний болон бүс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна. Хамгийн сүүлд "PUBG Mobile World Invitational" буюу дэлхийн шилдэг багууд урилгаар оролцдог тэмцээний зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзэлсэн амжилт гаргалаа.
Ард Санхүүгийн Нэгдэл нь Digital Nation - 2021 арга хэмжээний Стратегийн түншээр ажиллалаа
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ Digital Nation нь 9 сарын 17-ноос 19-ны хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж өнгөрсөн. Технологид суурилсан шилдэг бүтээгдэхүүн, онцлох үйлчилгээтэй нэг дороос танилцах боломж олгодог тус арга хэмжээнд Ард Санхүүгийн Нэгдлийн асар нь олон шинэлэг арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээнээс онцлон дурдвал Монголын Үнэт Цаасны Биржийн UBX платформын нээлт, Цахим Алт номын шинэчлэн найруулсан 2 дахь хэвлэлтийн нээлт болон Илгээлтийн Эзэд төслийн хаалтын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Өөр нэгэн онцлох зүйл нь зөвхөн Digital Nation арга хэмжээнд зориулан хөрөнгө оруулалтын багцыг харилцагчдад санал болгосон юм. Үүнд тэтгэврийн хуримтлал, хувьцаа, хадгаламж, даатгалын бүтээгдэхүүн бүхий багцууд багтаж байсан юм.
Тэрбум мод - Ардын төгөл
Бид үндэсний хэмжээнд мод тарих хөдөлгөөнийг дэмжин ажиллаж, Сонгинохайрхан дүүргийн Бумбатын булагт Ардын нэрэмжит төгөлтэй боллоо. Манай хамт олон тарьсан модоо цаашдаа арчлан ургуулах тал дээр анхааран ажиллах болно.

Монголын хамгийн том шагналын сантай Ардын Альфа урамшуулал
Монголын хамгийн том шагналын сантай Ардын Альфа урамшуулал зарлагдлаа. Энэхүү урамшуулал нь 2021.08.31- 2022.02.28-ны хооронд нийт 6 сарын хугацаатайгаар үргэлжилнэ. Урамшуулалд оролцсон хэрэглэгчид дундаас сар бүр Lada Vesta, 1 бүхэл Ethereum, 3 сая төгрөгийн хувьцааны эздийг тодруулахаас гадна урамшууллын төгсгөлд Супер шагнал болох Land Cruiser 300, 1 бүхэл Bitcoin, 100,000,000 төгрөгийн хувьцааны эздийг тодруулна.
Smart Dividend
Бид Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны тоогоор 10 ширхэг АрдКойн буюу нийт 286,142,630 АрдКойныг тусгаарлаж хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр олгох Smart Dividend хөтөлбөрийг зарласан. Уг хөтөлбөрийн хүрээнд АрдКойны ханш 300 төгрөгөөс эхлэн 100 төгрөгөөр өсөх бүрт тусгаарласан АрдКойноос тодорхой хэмжээг хувьцаа эзэмшигчдэдээ (AARD болон ARDT) тараах юм.
Өсдөг Машин
Ард Лизинг компаниас санаачилсан Өсдөг Машин хөтөлбөр нь таныг машинаараа хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох цоо шинэ санхүүгийн бүтээгдэхүүн юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцагч машинаа зах зээлийн ханштай нь дүйцэхүйц хэмжээний АрдКойн (ARDX) болон Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаагаар (AARD) сольж аваад хөрөнгө оруулагч болох юм. Түүнчлэн уг төслийн онцлог нь хэрэв харилцагч машинаа үргэлжлүүлэн унаж хэрэглэхийг хүсвэл эргүүлэн түрээслэх боломжийг нээж байгаа билээ.
АрдКойны урамшуулал
Ард Аппын АрдШоп цэсээс хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалахдаа нийт үнийн дүнгийн 50 хүртэлх хувийг 1 ARDX = 300 төгрөгөөр тооцуулан хөнгөлүүлэх боломж бүхий урамшуулал зарлагдсан билээ. Мөн Ард Аппаар хийсэн худалдан авалт бүрт үнийн дүнгийн 3 хувьтай дүйцэх АрдКойны урамшуулал олгож байна. Ард Лайф компанид тэтгэврийн хуримтлалдаа АрдКойноор орлого хийх бүрт ханшийг мөн 1 ARDX = 300 төгрөгөөр тооцон хүлээн авч байна.
Ард Аппаар гүйлгээ хийх бүрт олгодог АрдКойны хэмжээг нэмэгдүүлж, 300 төгрөгтэй тэнцэх АрдКойноор урамшуулдаг болов. Мөн Fast Cash зээл авсан харилцагчдыг зээлийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх АрдКойноор урамшуулж, тээврийн хэрэгслээ 20% хөнгөлөлттэй даатгуулах эрхтэй болсон нь компанийн зүгээс харилцагчдаа тогтмол урамшуулах ээлжит урамшууллын хөтөлбөр байв.
Илгээлтийн Эзэд
Бид Монгол улсын өнцөг булан бүрт 21 аймаг, 330 суманд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй түгээх, зорилгоор Илгээлтийн Эзэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт 900 гаруй оюутан бүртгүүлсэнээс 418 Илгээлтийн Эзэд хамрагдсан байна. Илгээлтийн Эздийг бүс нутагт нь хуваарилахын өмнө сайтар бэлтгэн сургаж, хөтөлбөрийн бүхий л шатанд Ардын багаас оролцогчдыг дэмжин ажилласан билээ. Хөтөлбөрт оролцогсдыг 250 сая төгрөгийн шагналын санг хуваарлсанаас гадна ур чадвар, авхаалж самбаагаараа шалгарсан шилдгүүдэд Ардад ажиллах боломж нээгдсэн юм. Нийт Илгээлтийн Эзэд маань хөдөө орон нутгийн 11.4 мянган иргэдэд санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээжээ.
Эмэгтэйчүүдийн дэлхийн банкны албан ёсны гишүүнээр элсэж, хамтран ажиллахаар боллоо
Эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, хамт олонд эдийн засгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгохын тулд шинээр хөгжиж буй орнуудын зах зээлд санхүүгийн шийдэл, байгууллагууд, бодлогын орчинг боловсруулж, хөрөнгө оруулалт хийдэг ашгийн бус байгууллага болох Women’s World Banking-ыг ивээн тэтгэж ажиллалаа. 10 сард Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Тэлмэн Fintech Innovation Challenge-д панелистаар оролцлоо.

SCOPA/ ХУР
АрдКойны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд бид SCOPA платформтой стратегийн түншлэл байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь жижиглэн худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэгчид АрдКойныг урамшууллын оноогоор ашиглах боломжийг нийт харилцагчдад олгоно.
Мөн Ард Аппад харилцагчийн бүртгэлийг сайжруулах ажлын хүрээнд ХУР системийг нэвтрүүлснээр холбогдох хууль, журмын дагуу харилцагчийг таних, тэдэнд шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.
Санхүүгийн тайлан
Хувьцааны арилжаа
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжааны хэмжээний хувьд Ардын компаниуд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Манай бүртгэлтэй компаниуд болон ХОС-ийн арилжааны хэмжээ 61 хувийг эзэлж байгаа бол Ард Секюритиз Үнэт Цаасны Компани Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжааны нийт дүнгийн 50 хувийг гүйцэтгэсэн.
Ардын компаниудын арилжааны хэмжээ 15.9 тэрбум төгрөг болж, III улиралд Монголын үнэт цаасны зах зээлийг давамгайлан 13.8 хувийг эзэллээ. Товчхондоо, манай нээлттэй хувьцаат компаниуд болон хөрөнгийн зах зээлийн хооронд хүчтэй хамаарал үүсээд байна.
Хөрөнгө оруулалт
Санхүү, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувьцаа болон тогтмол орлоготойгоор 225.7, 30.5 тэрбум төгрөгийг тус тус хийжээ.
Хувьцаа эзэмшигчдийн тоо
2021 оны III улирлын эцэс гэхэд Ард Апп хэрэглэгчдийн тоо 1.2 саяд хүрч, мөн оны өмнөх үетэй харьцуулахад 2 дахин өссөн байна. Харин Ардын нийт охин компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 59 мянгад хүрээд байгаа бол зөвхөн Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн тоо 18,487 хүрлээ.
Ашигт ажиллагаа
Бид 2021 оны III улирлын эцэст 2.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, 295 тэрбум төгрөгийн нийт дэлгэрэнгүй орлоготой ажиллалаа. 2021 онд стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтууд хийж, урт хугацааны хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгийн 60 хувь, хувьцаа эзэмшигчийн өмчийн 73 хувийг эзэлдэг. Өр ба өөрийн хөрөнгийн харьцаа 21 хувь байсан бол санхүүгийн зардал нь нийт зардлын 27.3 хувь байна.Үйл ажиллагааны зардал нь нийт зардлын 72.7 хувь, нийт орлогын 69.5 хувийг бүрдүүлсэн байна. Ойрын ирээдүйд үйл ажиллагааны зардал хэвээр байх хандлагатай байна.
Хүчтэй. Хамтдаа.
Гүнээ хүндэтгэж, мэхийн ёсолсон,
Ард Санхүүгийн Нэгдлийн Үүсгэн Байгуулагч, танай Гүйцэтгэх Захирал
Хутагт овогтой Чулууны Ганхуяг