by

МОНГОЛЧУУД АРДААР ДАМЖИЖ МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖИД ХУВЬ ЭЗЭМШИВ 2021-04-27

Монгол Улс, Улаанбаатар хот, 2021-4-27 – Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) болон түүний охин компани болох Ард Экс ХХК нь Монголын Үнэт Цаасны Бирж хувьцаат компанид (МҮЦБ)-д стратегийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боллоо. Энэхүү хэлцлийн үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжлийн шинэ түвшинд гаргах, банкнаас гаднах санхүүгийн зах зээлийг бодитоор хөгжүүлэх шинэ гарц нээгдэж байна. Энэ талаар Ардын Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: “Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 жил болж байна. Ард болон түүний хамаарал бүхий нээлттэй хувьцаат компаниуд Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд хөрөнгийн зах зээлийн хөгжилд дорвитой ажиллаж, тодорхой үр дүн гаргаж болохыг олон түмэндээ харуулж чадсан билээ. Тэгвэл үнэт цаасны хувийн бирж болон энэ салбар дахь бидний туршлага нийлснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дараагийн шатанд гаргаж, олон улсад өрсөлдөх боломжийг нээж өгч байна гэж үзэж байгаа. Үүний тулд бид сүүлийн үеийн онлайн системийг бүтээх, шилдэг удирдлагын багийг бүрдүүлэх зэрэг нөр их ажлыг нугалах шаардлага үүсэж байна. Энэ ташрамд нийт үнэт цаасны зах зээлд оролцогчдыг зах зээлийн хөгжлийг хурдасгахаар гар нийлэн хамтарч ажиллая гэж уриалмаар байна” гэв.

МҮЦБ нь Монгол Улсын үнэт цаасны зохицуулалттай зах зээлд биржийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2015 оны тавдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан юм. “Хөрөнгө Бүрийг Хөдөлгөнө” уриан дор Монгол Улсын хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан амьдралын төлөө олон улсын стандартад нийцсэн биржийн үйлчилгээг нэвтрүүлэх замаар санхүүгийн захын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилго тавин ажилладаг байгууллага юм.

МҮЦБ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, уг хуулийн зохицуулалтын хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос батлан гаргасан дүрэм журам, үнэт цаасны зах зээлд арилжааны болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, МҮЦБ-ийн үндсэн үйл ажиллагааны журмын хүрээнд Үнэт цаасны арилжаа болон Үнэт цаасны тооцооны (клиринг) үйл ажиллагааг СЗХ-ны тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэн явуулж байна.

Ард Экс нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай виртуал хөрөнгийн арилжааны платформыг ажиллуулдаг бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс эхлэн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Ард Экс нь олон улсын шилдэг блокчэйн платформуудын жишгээр арилжааг цахимаар явуулдаг ба крипто болон үнэт цаасны токеныг чөлөөтэй арилжаалах боломжийг олгодог. Ард Экс нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 860 мянга орчим харилцагч 1 их наяд гаруй төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийсэн байна.  DAX цаашид олон улсын түвшинд гарч ажиллах зорилготой ажиллаж байна.

Ард Cанхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Аппликэйшн, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, АрдМони, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: support@dax.mn
Вэб сайт: dax.mn