by

Ард Богд Банкинд хөрөнгө оруулах гэрээ байгууллаа 2021-04-07

photo_2021-04-02_11-40-38

Улаанбаатар хот, Монгол улс, 2021-4-7 - Богд Банк нийт хөрөнгийнхөө 20 хувийг олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болох шийдвэр гаргаж, үндсэн андеррайтераар Ард Санхүүгийн Нэгдлийн (Ард) охин компани болох Ард Секюритиз ҮЦК (АрдСек) хамтран ажиллах болсноо зарласан бол өнөөдөр Ард Холдингс Интернэшнл Богд Банктай (Банк) Стратегийн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Банк нь шинээр хувьцаа нэмж гаргах замаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх тухай шийдвэрийг гаргаж, хувьцаагаа нийтэд санал болгохын өмнөх шат буюу Pre-IPO болох стратегийн хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг Монголбанкнаас (МБ) авч ажиллах юм.

УИХ-аас 2021 оны 1 сарын 29-нд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ), МБ хамтран батална” гэж заасан билээ.Тус хамтарсан тушаалаар баталсан түр журмаар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, банк хувьцаагаа нийтэд болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, нэгж хувьцааг санал болгох үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандалт судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг СЗХ, МБ-нд 2021 оны 7 сарын 1-ний  дотор ирүүлэх тухай заасан байна.

СЗХ-ны Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журмын 3.1-д заасны дагуу олон нийтэд тухай бүр мэдээлэх үүргийнхээ хүрээнд Ардын зүгээс энэхүү мэдээллийг хүргэж байгаа болно.

Богд Банк нь 2014 онд байгуулагдсан, арилжааны банкны иж бүрэн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага юм. Тус Банк богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, шинэ технологи, арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Монголын зах зээлийг оройлох банк болохын төлөө шаргуу ажиллаж байна. Банк нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд сүүлийн үеийн техник технологи, шинэ стандартыг анхлан нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулалт, байгууллага, хувийн банкны төгс шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох замаар хөрөнгө оруулагчдынхаа үнэ цэн, өгөөжийг тогтвортой, өндөрт барьж ирсэн юм.

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com