Улаанбаатар хот, Монгол Улс, 2021-2-15 - Ард Санхүүгийн Нэгдэл ХК (MSE:AARD) 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүн, дэлхий даяар явагдаж байгаа цахим шилжилт, Монголын төр засгаас хэрэгжүүлж буй бодлого болон манай хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг харгалзан үзэж нийт 28.6 сая АрдКойныг хувьцаа эзэмшигчиддээ хувь тэнцүүлж хуваарилахаар шийдвэрлэлээ. Компанийн 2020 оны тайлангийн хурлын өдрийг бүртгэлийн өдөр болгож нэгж хувьцаанд 1.0 АрдКойн оногдуулах юм. Ард нь анх АрдКойныг зах зээл дээр нэвтрүүлж эхэлж байхад ийм байдлаар 2019 онд нийт АрдКойны нийлүүлэлтийн 20 шахам хувь буюу 1 тэрбум АрдКойныг өөрийн хувьцаа эзэмшигчиддээ хуваарилж байсан.
Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал (MSE:AIC), Ард Кредит (MSE:ADB), Ард Лайф ХХК, Ард Актив ХЗХ, Үндэсний Хувьчлалын Сан (MSE:XOC)-гийн зүгээс 2021 оны 1 дүгээр сарын 22-нд санхүү, үйл ажиллагааны тайлангаа хөрөнгө оруулагчиддаа урьдчилсан байдлаар танилцуулсан юм. Өнгөрсөн жил Ард Холдингс тайлант хугацаанд 2.5 тэрбум, Ард Даатгал 2.08 тэрбум, Ард Кредит 2 тэрбум төгрөгийн ашигтайгаар тус тус ажилласан байна. Ард Даатгал нь өнгөрсөн жилийн ашгийнхаа 48.15 хувийг буюу нийт 1 тэрбум төгрөгийг, Ард Кредит 2020 оны цэвэр ашгийн 49.79 хувь буюу 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараахаар шийдвэрлэж, улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед нийт хувьцаа эзэмшигчиддээ шинээр мэндэлж буй Цөөвөр хэмээх Цагаагчин Үхэр жилийг угтах мөчид баярт мэдээ дуулгасан билээ.
Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
- MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
- MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
- MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
- MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 8181, 7700 8282, 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com