by

ҮСХ: ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА ХУМИГДАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА 2015-11-13

2015-11-10 Энэ оны III улиралд өрхийн орлого, зарлага аль аль нь хумигдсан үзүүлэлттэй байна. Хэдий тийм боловч баялгийн хуваарилалтын тэгш бус харьцаа хэвээр хадгалагдаж, хүн амын хамгийн чинээлэг хэсгийн хэрэглээ, ядуу хэсгийн хэрэглээнээс 5 дахин өндөр байсаар байна. Үндэсний Статистикийн Хорооноос урьдчилсан байдлаар танилцуулсан өрхийн орлого, зарлагын үзүүлэлтээс харахад хүн амын хамгийн чинээлэг 20 хувь нийт хэрэглээний 41 хувийг бүрдүүлж байгаа бол дундаж давхаргынхны хэрэглээ буурах хандлагатай байгаа ажээ. Иргэдийн хэрэглээ хумигдах хандлагатай байгаа ч хүнсний бүтээгдэхүүнд зарцуулах зарлагын хэмжээ төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Статистик мэдээллээс харвал нэг өрх сард дунджаар 230-240 мянган төгрөг хүнсэндээ зарцуулж байгаа ба энэ оны III улирлын байдлаар 237 мянган төгрөгийг хүнсэндээ зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1000 төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх улирлаас 7000 төгрөгөөр буурчээ. Үүнээс гадна айл, өрх мах, махан бүтээгдэхүүнд зарцуулах зардал болон тээвэр, холбоонд зарцуулах зардлаа танаж эхэлсэн байна. Ингэснээр нэг өрхийн сарын зарлага 1 сая 49 мянган төгрөг болж, жилийн өмнөхөөс 2.2 хувиар буурчээ. Өрхийн орлогоос зарлагыг хасч тооцсон цэвэр орлогын хэмжээ 1100 төгрөг байгаа бөгөөд өрхүүдийн дунд олсноороо зарцуулдаг хандлага хэвээр хадгалагдаж байгааг харж болохоор байна. Хуримтлал үүсгэх боломж бага байгааг эдийн засагчид цалингаас өөр орлогогүй байдагтай холбон тайлбарлаж байгаа аж. Өрхийн орлогын 50 гаруй хувийг цалин хөлсний орлого бүрдүүлсэн бол үлдсэн хэсгийг тэтгэвэр, тэтгэмж, бусад орлого бүрдүүлжээ. www.bloombergtv.mn