by

Ч.Ганхуяг: Боломжийг ашиглах л үлдлээ 2015-12-23

-“Оюутолгой” төслийг улс төрөөс салгаж ойлгох хэрэгтэй-

Б.Баяртогтох /Засгийн газрын мэдээ/

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа. Хөрөнгийн зах зээл хөгжих, илүү шинэ түвшинд гарах “хөрс” нь бүрдсэн хэмээн тэрбээр үзэж байна.

-Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 37 хувьтай тэмцэх хэмжээний “Оюутолгой” төслийн санхүүжилтийн гэрээг өнгөрсөн долоо хоногт баталгаажууллаа. Энэхүү удтал хүлээлгэсэн үйл явдлыг эдийн засгийн үр өгөөж талаас нь та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсад бизнес хийх боломжтойг дэлхий нийтэд тодотгож өгч байна. Төслийн бүтээн байгуулалтын явцад манай улсын ДНБ-ий арав орчим хувьтай дүйцэх хэмжээний валютын урсгал 5-6 жилийн хугацаанд орж ирэхээр болж байгаа юм. Энэ нь эдийн засгийн өнөөгийн байдал сэргэхэд, бизнесийн үйл ажиллагаа идэвхжих, цар хүрээгээ нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Төслийн санхүүжилтийн гэрээг байгуулснаар шинээр ажлын байр бий болж, иргэд ажилтай, орлоготой болно гэсэн үг. Энэ бол “Оюутолгой”-гоос ирж буй хаялга. Бүтээн байгуулалт эрчимжих үед импорт, экспортын татварт их хэмжээний төлбөрийг “Оюутолгой” компани төлж эхэлнэ. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэж, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт саатахгүй үргэлжилнэ. Мөн иргэдийнхээ цалин хөлсийг ч нэмэх боломж гарна. Тэгэхээр эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг мөнгөн дүнгээр тооцоолж үзэхэд буруудахгүй.

-Хөрөнгө оруулалтын орчинд ямар эерэг нөлөө үзүүлэх бол. Хөрөнгө оруулагчдын хандлага нааштай эргэх болов уу?

-Зээлжих зэрэглэл сайжрахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт татах бололцоо хувийн хэвшилд гарна. “Оюутолгой” зах зээлд хэрэгжүүлж буй уул уурхайн хамгийн том төсөл. Тэр утгаараа хөрөнгө оруулалтын орчны нэр хүндийг өргөх, түүний өнгийг нь хувиргах, бусад бизнест боломж олгохуйц жинтэй. Зогсонги байдалд орчихсон эдийн засагт шинэ итгэл, найдвар нь боллоо. Хүмүүст маргаашаа өөдрөг харах итгэлийг, бизнест хөрөнгө оруулалт хийх урам зоригийг “Оюутолгой”-н хоёр дахь шат олгож байна. Ийм итгэл ч үүссэн. Тэгэхээр эдийн засаг дахь хүлээлт эерэг учраас бизнес эрхлэгч нар илүү идэвхтэй ажиллана. Тухайлбал, хүмүүсийг шинээр ажилд авах, үйлчилгээний газрууд үүд хаалгаа нээх гээд эхлүүлэх, үргэлжлүүлэх ажил ар араасаа ундарна. “Оюутолгой” төслийн үржүүлэгч нөлөөгөөр ажил, амьдралаа дээшлүүлэх нөхцөл бүрдэж таарна. Үүнийг ашиглах нь чухал.

-Ерөнхий сайд “Оюутолгой одооноос ямар ч улс төргүй, цэвэр бизнесийн төсөл боллоо” гэж мэдэгдсэн. Сонгууль ойртсон үед бизнесийн төсөл байх боломжтой юу?

-Боломжтой. “Оюутолгой” төслийг улс төрөөс салгаж ойлгох хэрэгтэй. Энэ бол сонгуульд ялах, санал цуглуулах “хөзөр” биш гэдгийг илүү тодотгох шаардлага байна. Монгол Улсын одоогийн хөгжлийг илүү шинэ түвшинд гаргах, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт гэж “Оюутолгой”-г харж байгаа. Тиймээс улстөржүүлэхгүй, түүнээс аль болох л ангид байлгах ёстой. Дэлхий томоохон банк, санхүүгийн байгууллага бидэнд итгэл үзүүлж байна. Өөрсдийнхөө түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхийн сацуу баталгаа гаргасан. Үүгээр даажигнаж, улс төр хийж болохгүй. Өөрөөр хэлбэл, дэлхий нийт дахин бидэнд итгэл үзүүллээ. Тиймээс итгэлийг нь алдах эрх байхгүй. Тэр тусмаа “Оюутолгой”-г сонгуулийн “лоозон” болгож ашиглана гэдэг байж болохгүй асуудал. Улстөржилт эргээд эдийн засгаа баллаж болдог гэдгийг өнгөрсөн хугацаанд улсаараа амслаа. Тэгэхээр илүү ухаалаг, бодолтой хандаасай гэж бодож байна.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах, хөрөнгө оруулагчдын хандлага сөрөг тийшээ хандахад улстөржилт нэг талаар нөлөөлсөн нь бий. Үүнийг зарим эдийн засагч өнөөдөр дахин сануулж, алдаагаа давтахгүй байх ёстой хэмээн хэлж байна.

-Тийм ээ. Эдийн засагч иргэний хувьд хэлэхэд бид маш хариуцлагатай байх ёстой.

-Танд “Оюутолгой”-той холбоотой ямар нэгэн бизнес байдаг уу?

-Уул уурхай миний туйлын сонирхол биш ээ. Тэр тусмаа “Оюутолгой” төсөлтэй холбоотой ямар нэгэн тендер, ашиг сонирхол надад байхгүй. Уул уурхайн бизнест оролцох шаардлага ч алга. Гол нь “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслөө гацаах бус урагшлуулах хэрэгтэй байна. Энэ төслүүд амжилттай хэрэгжиж байж эдийн засагт эерэг эффект гарна. Ингэснээр нийгэм, эдийн засгийн хөгжил хурдсаж, бизнесийн үйл ажиллагаа эрчимжиж эхэлнэ. Эдийн засагт ч өсөлт бий болно.

-“Оюутолгой”-н 4.4 тэрбум ам.долларыг их өрийн хоёр дахь хувилбар гэж үзэх хүн цөөнгүй байна. Ийм мэдээллийг ч зарим нэг улстөрч гаргаж тавьсан. Та үүний эсрэг байр суурьтай байгаа. Их өр гэж үзэх үндэслэлтэй байна уу?

-Их өртэй зүйрлэж болохгүй. “Чингис”, “Самурай” бондтой ч харьцуулах боломжгүй. Их өр гэвэл том андуурал болно. Зүгээр л улстөржүүлж байгаагийн нэг илрэл байх. Нэг жишээ хэлье. “Shangri-La” зочид буудал дэлхийн стандартынх. Улаанбаатарт шинээр нээгдсэн нь бидний яриад байдаг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөөлөх нь дамжиггүй. Энэ буудлыг олон жил ярьж, төлөвлөж байж “Kerry” групп манай “MCS” групптэй хамтран байгуулсан. Тэд хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулсан. Монголчууд, Монгол Улс хожсон уу? Хожсон гэдэгтэй санал нийлэх байх. Бидэнд тэр “Kerry” групп зээл авч байгуулсан нь хамаатай юу? Үгүй. “MCS” зээл авсан, эсэх нь хамаатай юу? Үгүй. Харин тэд энэ барилгыг барих гэж хэдэн мянган залуусыг ажлаар хангасан. Бэлтгэн нийлүүлэгч хэдэн зуун компанийг орлоготой байлгасан. Ажиллаж эхэлсэн буудал олон зуун залууг шинэ стандартад сургаж, ажилтай болголоо. Улс НӨАТ болон бусад татвараа аваад явж байгаа. “Shangri-La” өнөөдөр бүх л томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Нэг талаар бидний нэрийн хуудас болж байна. Өрсөлдөгчид нь үйлчилгээ, үйл ажиллагаагаа сайжруулаад явчихна. Үнээрээ ч мөн хоорондоо өрсөлдөнө. Бие биенээсээ суралцана. “Оюутолгой” яг л үүнтэй л ижил үйл явц.

-Одоо сэдвээ өөрчилье. Ирэх оны эхний сард Монголын хөрөнгийн бирж үүсч байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Та Хөрөнгийн биржээс ажлын гараагаа эхэлж байсан. Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжилд та ямар үнэлгээ  өгөх вэ?

-Хөрөнгийн зах зээл хөгжих “хөрс” нь бүрдчихсэн. Үүнийг одоо ашиглаж, зах зээлийг дорвитой хөгжүүлэхэд дор бүртээ анхаарах нь чухал байна. Хувьцаа нь өнөөдөр идэвхтэй арилжаанд оролцдог компани тун цөөн. Тэр дундаа хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг алдсан нь их бий. Энэ байдлыг засах л хэрэгтэй. Тэгснээр өөрчлөлт хурдан гарна. Монголчууд нэгдэж, нийлээд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх бололцоо байгаа. Нийгэмд ч ийм хүлээлт байна. Тэгэхээр хамгийн наад зах нь иргэдийнхээ зах зээлийн талаарх ойлголтыг нэмэдүүлэхийн сацуу идэвхжүүлж, мэдээллээр сайтар хангах ёстой. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг “цоожлоод” орхичихож болохгүй. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, санхүүгийн ашигтай хэрэгсэл болгох талаас нь судлах хэрэгтэй.

-Улаанбаатар хотыг санхүүгийн төв болгох зорилтыг Санхүүгийн зохицуулах хорооноос дэвшүүлээд байна. Тодруулбал, санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт энэ талаар нарийн тусгаж. Үүгээр бол арван жилийн дараа гэхэд бид арай өөр түвшинд ажиллах шаардлагатай болох нь, тийм үү?

-Олон улсын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Стандартаа дагаж эрх зүйн орчин олон улсынх болох ёстой. Тэгэхээр дэлхий нийтийн санхүү, бизнесийн “хэл” болсон хуулийг Монголдоо нутагшуулна гэсэн үг. Ийм түвшинд одоогийн байгаа эрх зүйн орчныг чамбайруулах, шинэчлэх болно. Санхүүгийн зах зээлийн бүхий л харилцааг зохицуулах учраас стандарт, хуулийн “хэл” нэг түвшнийх байхаас аргагүй. Бидэнд дотроо цэгцлэх, шинэчлэн сайжруулах ажил зөндөө бий. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх “малгай” зорилтынхоо дор нэгдэж, хүний нөөцөө бэхжүүлэх, засаглалаа сайжруулах нь нэн тэргүүний асуудал болчихлоо.

Санхүүгийн төв гэдэг өөрөө их өргөн ойлголт. Тэр хэрээрээ зохицуулалтын шинэ орчныг шаардаж байдаг. Хорооны харж буйгаар Улаанбаатар хот олон улсын санхүүгийн төв болсноор Монгол Улсын хуульд бус, олон улсын хуульд захирагдана гэсэн үг. Ийм орчныг л хөрөнгө оруулагч нар хүсэмжилнэ. Үүнийг тооцоолсон байх учиртай. Үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг бол 2025 он хүртэл хийж, хэрэгжүүлэх ёстой ажил гэж ойлгож байгаа. Хууль тогтоогч болон хэрэгжүүлэгч агентлаг, зохицуулах байгууллага нь цаг алдалгүй хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, тэдний оролцоотой дээрх төвийг байгуулна гэдгээ өөрсдөө маш сайн ойлгох нь чухал.

-Санхүүгийн төв болсноор илүү өрсөлдөөн дунд орж ажиллана. Тэгэхээр та бүхний явуулж буй бизнест ямар нэгэн хүндрэл үүсэхгүй юү?

-Бид хоорондоо бус мэдээж өөр улсуудтай өрсөлдөж таарна. Хүндрэл үүснэ гэхээс илүү үүнийг олон улсын тавцанд гарч ажиллах, дэлхийтэй хөл нийлүүлэх боломж гэвэл онох байх. Цаг үе маань түүхэн боломжийг нэг талаар бидэнд олгож байна. Дубай хэтэрхий халуун, Казахстан нэг хүний гарт эрх мэдэл нь байдаг учраас тийм ч тогтвортой бус, ОХУ, БНХАУ өөрсдийнхөө хэмжээнд зөрчилтэй, тогтолцоо нь хөрөнгө оруулагчдын санаанд нийцэхгүй талдаа хэлбийсэн. Харин Монголоос бизнес эрхлэх боломж нь эдгээрээс хамаагүй дээр байгаа юм. Тэгэхээр зорилтоо ажил болгож чадвал нааштай үр дүн гарна.

-Дэлгүүртэй зүйрлэвэл Хөрөнгийн биржийн лангуун дээр шаардлага хангахуйц бараа, бүтээгдэхүүн алга гэх юм. Үнэхээр алга байна уу?

-Бүтээгдэхүүний дутагдал бий. “Ард” санхүүгийн нэгдэл хувьцаагаа зарлаа гэхэд худалдан авагч байх уу гэсэн нэг талаар эргэлзээ байсан. Байгууллагын хөрөнгө оруулагч  байхгүй нь өөрөө маш том сул тал болж байна. Дээр нь гадаадын хөрөнгө оруулагч энэ зах зээлд орж ирэх сонирхол багатай. Байгууллагын хөрөнгө оруулагчдыг бий болгохын тулд холбогдох байгууллага нь илүү дорвитой хурдтай, шийдэмгий ажиллах ёстой. Тэр дундаа даатгалын компани, тэтгэврийн санг хөрөнгийн зах зээл дээр оролцох таатай нөхцөлийг бүдүүлэх шаардлага тулгараад байна. Хөрөнгийн захын хамгийн том хөрөнгө оруулагч болох даатгалын компаниуд өнөөдөр арилжааны банкинд мөнгөө байршуулахаас өөр идэвхтэй хөрөнгийн менежмент хийж чадахгүй явна. Эдгээр нь хувьцааны зах зээлийг хөгжүүлэх чухал оролцогч. Тэдэнд хамгийн урт удаан хугацаатай мөнгө байдаг. Нийгмийн даатгалын сангийн өөрчлөлтийг нэн даруй хийж, тэтгэврийн сангаа шинэчлэх шаардлага ч байна. Энэ бүхний үр дүнд хөрөнгийн зах зээл болон хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хөгжлийн хувьд илүү шинэ түвшинд гарна.

-“Ард” санхүүгийн нэгдэл хэлбэрээ өөрчилж, хаалттай хувьцаат компани болсон. Энэ хэлбэрээрээ хэр удаан явах вэ. Та бүхний дараагийн алхмыг сонирхох гэсэн юм?

-Бид өнгөрсөн гурван жилийн дотор хөрөнгө оруулалтынхаа бүтцийг цэгцлэх, дотоод засаглалаа сайжруулах, санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд түлхүү анхаарсан. Менежмент болон удирдлагын түвшинд ч тодорхой хэмжээний өөрчлөлт хийлээ. Хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дааж ажиллахын тулд байгууллагын зохистой тогтолцоог бүрдүүлэхээр багагүй ажлыг энэ хугацаанд амжуулсан байна. “Ард” санхүүгийн нэгдэл өнгөрсөн жил “Жинст Увс” хувьцаат компанийг худалдаж авсныг та бүхэн мэдэж байгаа байх. Эдгээр ажлын үр дүнд холбогдох зохицуулах байгууллагад нь хүсэлтээ гаргаж, нэр болон хэлбэрээ өөрчлөн, одоогоор хаалттай хувьцаат компани болсон. Бидний хувьд хаалттай хувьцаат хэлбэрээр удаан явахгүй гэж бодож байгаа. Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа нээлттэй арилжиж, олон нийтийн өмчит хувьцаат компани болох бэлтгэлээ хангаж байна. Хөрөнгийн зах зээлд анхдагч нь болж, олон нийтэд чөлөөтэй хувьцаагаа арилждаг банк, санхүүгийн анхны компани болохын зэрэгцээ монголчууд бүгдээрээ хөрөнгө оруулагч үндэстэн болох зорилго тавиад урагшилж явна.

-IPO хэзээ хийхээр төлөвлөж байна вэ?

-Эдийн засаг, бизнесийн орчныг харзнаж байна. Зөв цаг үедээ Хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжих ёстой. Бидний үйл ажиллагаанд Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж ирсэн. “Ард” санхүүгийн нэгдлийн хамгийн том хувь нийлүүлэгч нь нийт хувьцааны 11 хувийг эзэмшдэг. Нэг хүний өмчлөл хэтрэх тусам засаглал сулрах, үйл ажиллагаа доголдох тал байдаг. Тиймээс манайх дандаа жижиг хувь нийлүүлэгчтэй гэдгээрээ онцлог төдийгүй анхдагч нь болж байгаа юм. Цаашид ч гэсэн үүнийг энэ хэвээр нь байлгахын төлөө ажиллана.

-Танай компанийн хувьцааны нэгж үнэ хэдэн төгрөгөөр тогтож байгаа вэ?

-Одоогийн үнэлгээ нь 2000 төгрөгтэй тэнцэж байгаа. Хөрөнгийн биржээр арилжих үед тодорхой хэмжээний өөрчлөлт буюу өгөөж өгөх түвшинд хүрнэ гэж харж байгаа. Хаалттай хувьцаа компани гэхээр олон нийтэд хөрөнгийн захаар хувьцаагаа зарахгүй, бусдаар манай хувь нийлүүлэгч нар өөрсдийнхөө хувьцааг бусдад зарж борлуулах эрх нь нээлттэй. Хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжина гэдэг маш том хариуцлага.

-Хөрөнгийн бирж шинэ даргатай болоод удаагүй. Мөн өөрийгөө зохицуулах байгууллага болчихлоо. Зах зээлд гүйцэтгэх эрх, үүрэг нь илүү нэмэгдэж байх шиг байна.

-Хөрөнгийн биржийн шинэ удирдлагаас их зүйлийг хүлээж байгаа. Цаашдаа ч ихийг шаардах болно. Цаг үе өнөөдөр хэн нэгнээс хамаарахгүйгээр хөгжлийг биднээс шаардаж байна. Тэгэхээр манай томоохон өндөр албан тушаалд шинээр томилогдож байгаа хүмүүс хариуцлагаа бүрэн ухамсарлаж, цаг үеийн шаардлагад нийцүүлсэн шийдвэр гаргах ёстой. “Оюутолгой” төсөл урагшиллаа. Түүхий эдийн үнэ эргээд өснө. Доошилсон гэдэг чинь сайны дохио.

-Яагаад сайны дохио гэж?

-Эцэс төгсгөлгүй юм гэж байдаггүй. Доошилно гэдэг эргээд өсөхийн тэмдэг. Итгэлтэй, найдлага төрүүлсэн тийм цаг үе ирж байна. Бид үүнд гол нь бэлтгэлтэй байх хэрэгтэй.