by

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН – 2020 ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 2019-12-03

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж ард иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт 5 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн арга хэмжээ Корпорэйт Конвеншн Сэнтрт “Ирээдүйдээ эзэн байя!” гэсэн уриан дор болж өндөрлөлөө. 

Тус арга хэмжээний хүрээнд олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачлагуудыг танилцуулахын сацуу, тухайн салбарын мэргэжилтэн, экспертүүдийн хэлэлцүүлэг мөн явагдсан юм. Чуулга уулзалтыг нээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар үг хэлсэн. 

Энэ удаагийн чуулганы үндсэн хэлэлцүүлгээр тэтгэврийн тогтолцооны шинэчлэл,  санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлт ба түүний нөлөөлөл, Финтек ба санхүүгийн салбарын бүтээлч түйвээлт, Блокчэйн технологи ба түүний бодит хэрэглээ, Бизнесийн орчинд төрийн болон мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо,  Улаанбаатар бизнесийн орчин гэх сэдвүүдийг онцолсон.

Үүний хажуугаар зэргэлдээ танхимд Meet the CEO буюу захирлуудтай уулзах цагаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат, Хү хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Баягал Хаус ХХК-ийн ерөнхий захирал О.Байгал нар өөрийн туршлагаас хуваалцаж, олон нийттэй чөлөөтэй харилцан яриа өрнүүллээ. 

Чуулга уулзалтын дундуур хэд хэдэн чухал хамтын ажиллагаа санамж бичигт гарын үсэг зурлаа. 

"Тэнгэр коп Монголия" хоршооны дарга н.Ихбаяр, "Ард шоп"-ийн захирал Э.Золзаяа нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр "Ард шоп" Монголд үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүнүүдийг бүх аймаг сумдад хүргэх гол онлайн суваг болж ажиллах юм байна. "Insur" компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Чулуунпүрэв, Ард санхүүгийн нэгдэл компанийн Технологи хариуцсан захирал Г.Тэнүүн нар эрүүл мэндийн даатгалыг хүртээмжтэй байлгах, өртгийг бууруулах, төлбөрийг дарамтгүй байдлаар шийдүүлэх боломжуудыг ухаалаг гар утасны аппликэйшнээр олгоход хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд АрдКойноор даатгалын бүтээгдэхүүнийг авах боломжтой болж буй юм.

CEO клубын ерөнхийлөгч В.Ганзориг, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин Улаанбаатар хотын Худалдааны танхимийн Ерөнхийлөгч Ч.Ганхуяг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн тус чуулга уулзалтын үеэр Ард Лайф өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийсэн бол Ард Холдингс Ард Аппын гурав дахь хувилбарыг олон нийтэд танилцууллаа. Эцэст нь хотын дарга С.Амарсайхан энэ удаагийн чуулга уулзалтыг хааж үг хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@investornation.mn
Вэб сайт: www.investornation.mn