by

Хураангуйлсан дүрэм

  • Компани нь дараах зорилгыг ханган ажиллана.Үүнд:
  • Бид Монгол Улсын хамгийн хүчирхэг санхүүгийн нэгдэл компани байхыг зорьж ажиллах бөгөөд Хөрөнгө оруулагчдын санхүүгийн өгөөжийг зохистой түвшинд байлгахын тулд ашиг болон эрсдэлийн хэтийн харьцааг тэнцвэртэй барих бодлогыг чиглэл болгон ажиллана.
  • Улс орны эрх ашиг болон хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчийнхээ эрх ашгийг хамгаалах, ажилчдын ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэн илүү их ашиг хуваарилах зэрэг болно.
  • Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
  • Хөрөнгө оруулалт
  • Бизнесийн зөвлөгөө
  • Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл Хөрөнгө оруулалт нь ТУЗ-ийн удирдлагын хяналтын дор явагдах бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал шийдвэрлэн хэрэгжүүлнэ.
  • Компани үндсэн үйл ажиллагаандаа мэргэжилдээ туршлагатай, ур чадвартай хүмүүсийг хөдөлмөрийн хуулинд нийцүүлэн гэрээгээр авч ажиллуулан тэдний цалин урамшил, ажиллах нөхцлийг нь тогтооно.
  • “Компанийн ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогч, Санхүү хариуцсан захирал, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал, Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал, Хууль дүрмийн хэрэгжилт хариуцсан захирал, Дотоод аудитор, Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид“ТУЗ” гэх)-ийн нарийн бичгийн дарга нар нь гэрээнд заагдсан хугацаанд эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд өөрийн хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалж компанид учруулсан хохирлыг хариуцна.
  • Компанийн энгийн хувьцааг зохих журмын дагуу худалдан авч эзэмшсэн этгээд компанийн хувьцаа эзэмшигч болно.
  • Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах, эчнээ санал хураалт явуулах шийдвэр гаргах үед ТУЗ-өөс тогтоосон “бүртгэлийн өдөр” компанийн хувьцааг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хуралд оролцож, хэлэлцэж буй асуудлаар өөрийн эзэмшиж буй саналын хувьцаатай хувь тэнцүүлэн санал өгөх;
  • ТУЗ-өөс ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн үед эзэмшиж буй хувьцаанд оногдох ногдол ашиг авах, ногдол ашиг олгохоор зарласан боловч хууль журамд заасан хугацаандаа олгохгүй бол алданги төлөхийг шаардах;.
  • Компанийг татан буулгах үед Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу үндсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх;
  • Компаниас нэмж гаргасан хувьцаа, хувьцаанд хөрвөх үнэт цаасыг Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу тэргүүн ээлжинд худалдан авах;
  • Энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид нь ХЭХ-ын бүрэн эрхийн асуудлаар саналаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор компанийн ТУЗ, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд санал гаргах;
  • Хувьцаа эзэмшигч нь улирал бүр компанийн санхүүгийн тайлантай танилцах эрхтэй.
  • Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагдах бөгөөд компанийн нийт зарласан энгийн хувьцааны үнэ нь 2,275,270,000 (хоёр тэр бум хоёр зуун далан таван сая хоёр зуун далан мянга) төгрөг байх бөгөөд 100 (нэг зуу) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 22,752,700 ( хорин хоёр сая долоон зуун тавин хоёр мянга долоон зуу) ширхэг хувьцаа байна.Хувьцаа эзэмшигчдийн хувьцааны бүртгэлийг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлж, бүртгэлийг хөтлүүлнэ.
  • ТУЗ-ийн шийдвэрээр компани нь өөрийн гаргасан үнэт цаасыг эзэмшигчтэй нь тохиролцсоны үндсэн дээр эргүүлэн худалдаж авч болно. Компани нь энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг худалдан авч болно.
  • Компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээд буюу үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.
  • Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал (цаашид ХЭХ гэх) байна.
  • Хувьцаа эзэмшигчдийн хуралд нэг энгийн хувьцаа нэг саналын эрхтэй байна. ТУЗ-ийн гишүүдийг сонгоход Компанийн тухай хуулийн 71.5, 72.1.3, 72.2, 77.1-т тус тус заасны дагуу санал хураалтын кумулятив аргаар явуулна.
  • ТУЗ нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага нь ТУЗ байна.
  • Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох;
  • Хувь нийлүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, хурлаар хэлэлцэх асуудал, хурлын бүртгэлийн өдөр, хурлын товыг тогтоох;
  • Компанийн тухай хууль болон хувь нийлүүлэгчдийн хурлаас эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг болно.
  • Компанийн ТУЗ нь 9-өөс 11 гишүүнтэй байна. ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар 2 жилийн хугацаатай сонгоно.
  • 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч нь ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд ТУЗ-ийн Засаглал, Нэр дэвшүүлэх, Цалин урамшууллын хороо ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг үндэслэн холбогдох шийдвэр, зөвлөмжийг гаргана.
  • ТУЗ-ийн гишүүд нь дараах үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:
  • компанийн ашиг сонирхлын төлөө, үнэнч шударгаар ажиллах;
  • ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн нууц болон нийтэд тараагдаагүй мэдээллийг өөрийн хувийн ашиг сонирхол буюу бусад этгээдийн ашиг сонирхлын үүднээс ашиглахгүй байна;
  • ТУЗ-д аливаа сонирхлын зөрчлийн талаар мэдээллээ бичгээр мэдэгдэх;
  • өрсөлдөгч компанийн ТУЗ-ийн гишүүн, ажилтан, албан хаагчаар ажиллахгүй байх;
  • ТУЗ-ийн хуралд идэвхитэй оролцож, ажлын туршлага, өөрийн мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог дайчлах, хувьцаа эзэмшигчдийн хуралд ажлаа тайлагнах
  • Аудитын хорооны нь дараах чиглэлээр дүгнэлт гаргаж, ТУЗ-д танилцуулна. Үүнд:
  • Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх, дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү эдийн засгийн бусад мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих;
  • Аудитын байгууллагыг сонгох, тэдний ажлын хөлсний хэмжээг тогтоох талаар санал боловсруулах;
  • Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэлд хяналт тавих, дүгнэлт гаргах;
  • Засаглал, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо нь дараах үүргийг хэрэгжүүлнэ.Үүнд:
  • ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоох;
  • Компанийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байгаа эсэх, хууль болон эрх бүхий байгууллагаас тогтоосон мэдээллийг нийтийн хүртээл болгож байгаа байдалд хяналт тавих;
  • ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага болон бусад эрх бүхий албан тушаалтанд олгох цалин, урамшууллын дээд хязгаарыг тогтоох, тогтоосон хэмжээнд багтаан цалин, урамшуулал олгох санал боловсруулах;
  • Хөрөнгө оруулалт, санхүү, эрсдэлийн хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
  • Компанийн стратеги төлөвлөгөөг судалгааны үндсэн дээр боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэлт гаргах;
  • Компанийн үнэ цэнийг тодорхойлж, хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх, хамгаалахад чиглэсэн бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэлт гаргах;
  • Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж стратегийн удирдамж чиглэлээр хангаж ажиллах ба дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, томоохон гэрээ хэлцэлүүд, компанийн өөрчлөн байгуулалт (нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах г.м) зэрэгт хяналт тавьж ажиллана;
  • Компанийн гүйцэтгэх удирдлага (цаашид “Гүйцэтгэх захирал” гэх) нь энэ дүрэмд заасан болон ТУЗ-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  • Гүйцэтгэх удирдлагын төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.
  • Гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн гишүүн байж болно.
  • Компанийн санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу гаргаж баталгаажуулах бөгөөд тайланг хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна.
  • Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ашиг хуваарилна. Ногдол ашгийг бэлэн мөнгө, эд хөрөнгө, түүнчлэн компанийн болон бусад этгээдийн үнэт цаасаар төлж болно.
  • Компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, компанийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн хяналтыг ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороогоор дамжуулан хэрэгжүүлнэ.
  • Аудитын хороо нь хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлбар өгөх үүрэгтэй оролцох эрхтэй.
  • Компанийг ХЭХ-ын шийдвэрээр буюу Компанийн хуульд заасан бусад үндэслэлээр өөрчлөн байгуулах (нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөн зохион байгуулах замаар) өөрчлөн байгуулж болно.