by

Пресс Рилиз 2016-02-04

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) Хаалттай Хувьцаат Компани нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ХасБанк буюу Тэнгэр Санхүүгийн Нэгдэл (ТСН) ХХК-д эзэмшиж байсан бүх хувьцаагаа худалдах ажиллагааг амжилттай дуусгалаа.

Анх 2000 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон АНУ-ын Мэрси Корпс төрийн бус байгууллагаас ХасБанкны ажиллагсдын болон ажил олгогч байгууллага, хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлыг нийцүүлэх зорилгоор 600 сая төгрөгийг хувьцаа эзэмшүүлэх санд хандивлаж, ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Улмаар ХасБанкны ажиллагсад тус сангаас олгогдсон хувьцааны үнэ цэнийг өсгөх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор нэгдэн өөрсдийн хувьцааг ХасБанкны толгой компани болох XAC-ГЭ ХХК-ийн (хөгжлийнхөө явцад Тэнгэр Санхүүгийн Нэгдэл (ТСН) ХХК болж нэрээ өөрчилсөн) хувьцаагаар сольж, ИАйТи буюу Employee Investment Trust хэмээх компанийн дээвэр дор нэгдэн хөрөнгө оруулагч болсон билээ. Ийнхүү Монгол Улсад анхдагч институциональ хөрөнгө оруулагчийн үндэс суурийг тавьж, тус компани 2014 онд нэрээ “Ард Санхүүгийн Нэгдэл” болгон өөрчилсөн болно.

АСН нь анх байгуулагдсан цагаас хойш Тэнгэр Санхүүгийн Нэгдэлийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд хөгжлийнхөө явцад стратегийн түншүүдийн хамт хамгийн том хувьцаа эзэмшигч болтол өсөн дэвжиж, улмаар өөрөө хөрөнгө оруулалтын холдинг компани буюу санхүүгийн нэгдэл болж хөгжих бодлого дэвшүүлсэнтэй холбоотойгоор Тэнгэр Санхүүгийн Нэгдэл дэх хувьцаагаа худалдахаар шийдсэн юм. Ард Холдингс нь ТСН-д үлдэж байсан нийт 4.26 хувийг Японы Орикс корпораци, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Монголиа Файнэншл Сервисэс компаниудад худалдах гэрээг амжилттай байгуулан арилжааг дуусгавар болголоо.

"Ард Холдингс нь ТСН болон түүний хөрөнгө оруулалттай компаниудын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж бид үздэг бөгөөд аливаа хөрөнгө оруулагч хувьцаагаа худалдах цагаа сонгон өгөөжөө хүртэн гарч болдог. ТСН нь компанийн засаглалын тэргүүний туршлага, шилдэг менежментийн жишгийг тогтоосон санхүүгийн нэгдэл болж чадсан бөгөөд цаашид бидний оролцоо шаардлагагүй болсон гэж бодож байна. Манай баг ХасБанк, ТСН-ийг үүсгэн байгуулж, хамтран ажилласан 18 жилийн туршлага дээрээ үндэслэн Ард Санхүүгийн Нэгдэл хэмээх үндэсний хөрөнгө оруулагчдыг эгнээндээ багтаасан санхүүгийн холдинг компанийг бий болгон нийт Монголчууддаа банкны салбарт хөрөнгө оруулах, ашиг хүртэх ижил тэгш боломжийг олгох Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөтөлбөртөө сэтгэл шулуудан орсныг энэхүү үйл явдал харуулж байна" гэж Ард Холдингсын гүйцэтгэх захирал, ХасБанк, ТСН-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг хэллээ.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд АрдДаатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Капитал Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. Мөн хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг компанид хөрөнгө оруулалт хийн, удирдлагад нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд болно.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн