by

МЭДЭГДЭЛ 2020-02-24

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ас харилцагчдын дунд зохион байгуулсан орон сууцны хонжворт сугалааны тохирол 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 19 цагаас Боловсрол Телевизийн шууд нэвтрүүлгээр явагдсан билээ. Цагаан Сарын Битүүний орой орон даяар шууд дамжуулсан энэ нэвтрүүлгийн үеэр АрдШопын сервер ачааллаа дийлэлгүй унаж, сугалаа явуулах боломжгүй болсонд газар дээр нь ажиллаж байсан техникийн багийнхан өмнө нь програмын туршилт хийж байсан 34 секундын бичлэгийг цацах шийдвэрийг гаргаж, олны дунд төөрөгдөл үүсгэсэн байна. Эл явдалд Ард Санхүүгийн Нэгдлийн удирдлага та бүхнээс гүнээ хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу.

Телевизээр дамжуулсан энэхүү хонжворт сугалааг дээрх шалтгааны улмаас цуцлах, хүчингүйд тооцох шийдвэрийг Компанийн удирдлагын зүгээс мэдсэн даруйдаа гаргаж, азтанг шударгаар тодруулах шийдвэрт хүрэн тэр оройныхоо 21 цагт Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч. Ганхуяг сугалааны тохирлыг өөрийн Фэйсбүүк хуудсаар нээлттэй дамжуулан явуулж, 2 өрөө байрны хонжворын эзнийг олон түмнийхээ нүдэн дээр шалгаруулж, өөртэй нь холбогдож баяр хүргэсэн билээ.

Хонжворт сугалааны азтан болсон Самданпэрэнлэй овогтой Бүрэнтогтох (сугалааны дугаар 55054041)-д нийт Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олны өмнөөс баяр хүргэе!

Бид энэхүү алдаанаас холбогдох сургамжийг аван цаашдын ажилдаа дүгнэлт хийн ажиллаж байгаа бөгөөд компанийн зүгээс явуулдаг азтай харилцагчийн сугалааны тохирлыг илүү нээлттэй, ойлгомжтой явуулах тал дээр анхаарах болно.

Энэ дашрамд бидэнтэй өнгөрсөн хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн Боловсрол Телевизийн хамт олонд талархал илэрхийлье.

XVII жарны Хотол Төгс хэмээх төмөр хулгана жилийн Сар шинийн мэндийг та бүхэндээ хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Ард Санхүүгийн Нэгдэл