by

КРИПТОҮНДЭСТЭН ЭХНИЙ НОГДОЛ АШГАА ХУВААРИЛЛАА 2018-04-02

Пресс Рилиз Улаанбаатар хот

КриптоҮндэстэн ХХК нь 2017 оны 12 сарын 9-ний өдөр хаалттай хүрээнд хөрөнгө оруулалтын тусгай зориулалтын компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан билээ. Тус компани нь хувь нийлүүлэгчдээсээ татан төвлөрүүлсэн хөрөнгөөр криптовалютын багцад хөрөнгө оруулалт хийж, блокчэйн майнинг буюу олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байна.


КриптоҮндэстэнд 150 гаруй хөрөнгө оруулагч 3.0 тэрбум төгрөг нийлүүлсэн бөгөөд удирдлагыг Ард Менежмент ХХК Ард Бит болон Аравт Битийн хамтаар гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх болно.


КриптоҮндэстэн 2018 оны 2 сарын 1-нээс нийт хөрөнгийнхөө 30 хувиар биткойн майнинг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёр сарын хугацаанд өдөрт дунджаар 0.2, нийт 11.8 биткойн олборлосон байна. Биткойны үнэ ханшийн уналттай холбоотойгоор цахилгааны зардал өндөр гарч 7 биткойны цэвэр ашигтай ажилласан байна. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бид улирал тутамд ногдол ашиг хуваарилахаар тохирсон бөгөөд 2018 оны 3 сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр олборлолтоос олсон нийт цэвэр ашгийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилахаар шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтын нэг нэгжид 0.0119 биткойн оногдож байна. Биткойны үнэ ханш хэдий доогуур байгаа ч төгрөгөөр тооцсон өгөөж нь дотоодын арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс давсан үзүүлэлттэй байна.


Эхний улирлын ногдол ашиг бидний төлөвлөснөөс бага байсан нь оны эхнээс эхэлсэн ханшийн уналтаас шалтгаалсан бөгөөд энэ хугацаанд олборлолтын хүндрэл (difficulty) дөрвөн удаа нэмэгдсэн байна. Олборлолтын орлогоос гардаг зардал болох цахилгааны төлбөрт компани 3.9 биткойн зарцуулсан нь ногдол ашгийн хэмжээнд хамгийн ихээр нөлөөлсөн болно. Өөрөөр хэлбэл биткойны ханш унасан үед бид эрчим хүчний зардалд илүү их биткойн төлж байна гэсэн үг юм.


Үүнээс үүдэн энэ улирлаас эхлэн бид эрсдлийн сан байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр ханшийн эрсдэл болон бусад эрсдлээс хувьцаа эзэмшигчдээ хамгаалах боломж бүрдэх юм. Эрсдлийн сангийн тодорхой хэсгээр ханшийн эрсдлээс хамгаалах нөөц сан байгуулж, тухайн нөөц сангаар хөрөнгийн зах зээл дээр эрсдэл багатай богино хугацаат хөрөнгө оруулалт хийж сангийн хөрөнгийг өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Компани татан төвлөрүүлсэн хөрөнгийн 70 хувиар 15 төрлийн хамгийн өндөр эргэлттэй, өсөх магадлалтай криптобагц бүрдүүлсэн болно. Үүнд, Этэриум, Биткойн Кэш, Монеро, Лайткойн гэх мэт алткойн орж байна. Дэлгэрэнгүй задаргааг бидэнд хандаж авна уу.


КриптоҮндэстэн нь гурван жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гурван жилийн дараа хөрөнгө оруулагчид үндсэн хөрөнгө оруулалтаа өгөөжийн хамт буцаан авах болно. Үүний хажуугаар хөрөнгө оруулагч улирал тутамд олборлолтын ногдол ашгаа биткойноор авах ба бидний тооцоолж байгаагаар нийт ногдол ашиг нь гурван жилийн эцэст анхны хөрөнгө оруулалтаа давсан байх юм.


Биткойны ханшны түүхэн хэлбэлзлийг харвал оны эхэнд тодорхой хэмжээгээр үнэ буурдаг хандлагатай байна. Зах зээл дээрх өнөөдрийн үнийн савлагаа бол зөвхөн богино хугацааны үзэгдэл гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Дунд хугацаанд олныг хамарсан жинхэнэ хэрэглээ үүссэнээр блокчэйны үнэлгээ өснө гэдэгтэй экспертүүд санал нэгдэж байна.


Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, Номын Хишиг, Жинст Увс, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.


Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 7707-8080, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com